Компанийн тухай хуулийн 46.5-д хувьцаат компанийн төлөөлөн удирдах зөвлөл нь санхүүгийн жил дууссанаас хойш 50 хоногийн дотор ногдол ашиг хуваарилах эсэх талаар хэлэлцэн шийдвэрлэж, энэ тухайгаа Санхүүгийн зохицуулах хороонд мэдэгдэхээр хуульчилсан. Энэхүү хуульд заасан хугацаа дуусгавар болсон буюу өнөөдөр /2024.02.20/-ийн байдлаар 61 хувьцаат компаниас ногдол ашиг хуваарилах эсэх талаарх шийдвэрийг ирүүллээ. Үүнээс нэр бүхий 35 хувьцаат компани нийт 480.24 тэрбум төгрөгийн ногдол ашгийг хуваарилах болсон шийдвэрээ Санхүүгийн зохицуулах хороонд ирүүлж, олон нийтэд мэдээлээд байна.
2019 онд 112.1 тэрбум, 2020 онд 132.7 тэрбум, 2021 онд 110.5 тэрбум, 2022 онд 150.8 тэрбум, өнгөрсөн онд 303.07 тэрбум төгрөгийн ногдол ашгийг тус, тус хуваарилахаар шийдвэрлэсэн. Харин энэ онд ийнхүү 480.24 тэрбум төгрөг болж өссөн байна. Санхүүгийн зохицуулах хороо үнэт цаасны зах зээлд шударга, үр ашигтай, өрсөлдөөн бүхий, ил тод байдлыг хэвшүүлэхэд шаардлагатай гэж үзсэн арга хэмжээг авч хэрэгжүүлэх бүрэн эрхийнхээ хүрээнд “Ногдол ашиг тараах ажиллагааг нарийвчлан тогтоох тухай” тогтоолын хэрэгжилтэд тогтмол хяналт тавин ажиллаж байна. Мөн “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-тай гэрээ байгуулахгүйгээр өөрийн компанийн байранд хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг тараахаар шийдвэр гаргасан нэр бүхий хувьцаат компаниудад үүрэг даалгавар хүргүүлж, тогтоолын хэрэгжилтийг хангуулж, зөрчлийг арилгуулан ажиллаж байна.
Эх сурвалж: Санхүүгийн зохицуулах хороо