Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх энэ сарын 7-ны өдөр “Сэлэнгэ ноёд” ХХК-ийн захирал Г.Буяндорж, иргэн Д.Б, Ч.У, БНХАУ-ын иргэн Э.Х нарт холбогдох хуурамч баримт бичиг ашиглан, бусдыг залилж, их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэгт шүүгдэгч болон тэдгээрийн өмгөөлөгч нараас гаргасан гомдлын дагуу хянан хэлэлцжээ.
Улмаар анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгон, Г.Буяндорж, Д.Батжаргал нарт оногдуулсан ялыг хэвээр үлдээн шийдвэрлэсэн байна. Тодруулбал, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-иас тэрбум 543 сая төгрөг, 547 мянган ам.долларыг гаргуулж иргэний нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Ш-д олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэн хүчингүй болгосон байна. Харин Г.Буяндоржийг 40 сая төгрөгөөр, Д.Батжаргалыг 35 сая төгрөгөөр торгох ял оногдуулсныг хэвээр үлдээжээ.