АНУ болон Европын холбооны эрх баригчид энэ долоо хоногт Бруссельд хаалттай уулзалт хийж, ОХУ-ын эрсэг илүү хатуу, чанга хоригуудыг авч хэрэгжүүлэхээр ярилцсан байна. Энэ талаар АНУ-ын засгийн газрын өндөр албан тушаалтан хэвлэлд нэрээ нууцлан мэдээлсэн байгаа юм.
Ингэхдээ хориг арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгөөгүй боловч урьд урьдынхаас илүү өргөн цар хүрээг хамарсан, багц хоригуудыг авч хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж байгаа гэжээ. Хоригийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл ирэх долоо хоногийн амралтын өдрүүдээр олон нийтэд танилцуулагдах төлөвтэй байгаа юм. Европын холбооны хувьд Украины дайн эхэлсэн цагаас хойш 13 дахь удаагаа багц хориг арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа нь энэ. Ийнхүү барууны улс орнууд ОХУ-ын эсрэг шинэхэн хориг арга хэмжээнүүдийн авч хэрэгжүүлэхээр бэлдэж буй гэх сургаар АНУ болон Европын холбооны банк, санхүүгийн салбарт царцаад буй ОХУ-ын хөрөнгө шинжээч, ажиглагчдын анхаарлын төвд ороод байна. Учир нь хориг арга хэмжээний хүрээнд ОХУ-ын хөрөнгө хураагдах өндөр эрсдэлтэй юм.
Тухайлбал, Европын холбооны удирдлагууд холбогдох хуулийн төслүүдийг аль хэдийн хэлэлцээд эхэлсэн байгаа. АНУ-ын эрх баригчид дотооддоо төсвийн томоохон асуудлуудтай тулгарч, Европын холбооны удирдлагууд ч тэр Украинд нэмэлт төсөв баталж чадах эсэх нь эргэлзээтэй байгаа ийм цаг үед ОХУ-ын царцсан хөрөнгийг хураах нь Украинд тусламж үзүүлэхэд томоохон эх үүсвэр болох боломжтой.