Америкийн үндэсний хөл бөмбөгийн лигийн аварга шалгаруулах “Супер Боул” тэмцээнд “Kansas City Chiefs” баг өнгөрсөн ням гарагт ялалт байгуулсан юм. Улмаар Канзас хот тэдний ялалтыг тэмдэглэж парад зохион байгуулсан. Гэвч уг парадын үеэр галт зэвсгийн халдлага гарч, нэг хүн амиа алдаж, 29 хүн шархадсан байна. Канзас хотод болсон баярын парадад ойролцоогоор нэг сая хүн оролцсон гэж хэвлэлийнхэн мэдээлж буй. Ингэж “Супер Боул”-ын парад гамшиг болж хувирлаа хэмээн Америкийн хэвлэлүүд гарчиглаж байгаа юм. Цагдаагийн албанаас хэд хэдэн хүнийг саатуулж, байцааж байгаа талаар мэдээлсэн. Мөн халдлага болсон газраас галт зэвсгүүдийг илрүүлсэн байна. Галт зэвсгийн халдлага гарсны дараа 29 хүн эмнэлэгт яаралтай хүргэгдсэн байна. Тэдний 12 нь хүүхэд байгаа гэдгийг албаныхан хэлсэн юм. Энэхүү Канзас хотын парад дахь халдлага нь он гарснаас хойш АНУ-д гарсан 48 дэх олныг хамарсан галт зэвсгийн халдлагаар бүртгэгдээд байна.