Хөгжмийн салбарын шилдгүүдийг шалгаруулдаг Греммийн наадам өчигдөр болж өнгөрсөн. Тус наадмын хамгийн онцлох уран бүтээлч нь дуучин Тэйлор Свифт байлаа.
Тодруулбал, дуучин бүсгүй “Оны шилдэг цомог” номинацийн эзнээр дөрвөн удаа тодорсон анхны уран бүтээлч болж, түүхэн амжилт тогтоолоо. Тэрбээр өмнө нь шилдэг цомгийн эзнээр гурван удаа тодорсон амжилтаараа Фрэнк Синатра, Стиви Уондер нартай нэг түвшинд бичигдэж байсан юм.
Домогт дуучин Селин Дион дуучин бүсгүйн шагналыг гардуулсан ба Тэйлор Свифт шагналаа авах үеэрээ энэ дөрөвдүгээр сард шинэ цомог гаргах гэж байгаа талаараа хэлж, шүтэн бишрэгчдээ баярлуулж амжлаа.
Тэйлор Свифт өнгөрсөн онд эхлүүлсэн “Эрас” аялан тоглолтоороо олон тоглолтын рекордыг эвдэж, тэрбумтнуудын эгнээнд жагссан. Мөн Тайм сэтгүүлээс түүнийг 2023 оны онцлох хүнээр тодруулсан билээ.