Дэлгэрэнгүйг дээрх видео сурвалжилгаас үзээрэй.
Цагаан сарыг угтсан үзэсгэлэн болон задгай талбайн худалдааг сонирхохоор ажлын өдрүүдэд ч хүн багагүй цугларчээ. Уламжлалт баяраа тэмдэглэхээр хүмүүс дор бүрнээ идээ унд бэлдэж, ширээ дүүргэх цагаан идээгээ базааж байна. Хэвийн боовны үнэ өнгөрсөн жилийнхээс 1000-1500 төгрөгөөр нэмэгдэж 5500-7500 төгрөгөөр худалдаалагдаж буй бол, ааруулын үнэ 10-20 мянган төгрөгөөр нэмэгдэж 30-35 мянган төгрөг болжээ.
Ахмадууд цагаан сарын бэлтгэлдээ дунджаар 3-5 сая төгрөгийг зарцуулж байгаа тухайгаа хэлсэн юм. Ингэхдээ тэдний дийлэнх нь тэтгэвэрийн зээлээ олон сараар авсан аж. Үнийн өсөлт ахмадууд маш их дарамт болж буйг халаглан ярьж байлаа.
Харин худалдаачид "Малчид, үйлдвэрлэгчдээс ирсэн үнэ дээр түрээсийн ашгаа л нэмж зарж байна" гэж хэлж байв.
Мөн цахим сүлжээгээр бүх ааруулын үнэ 69 мянган төгрөг болж өссөн гэх ташаа ойлголт тарж, иргэд 69 мянган төгрөгийн ааруул чинь хаана байна гэх зэргээр худалдагчдаас асуух болжээ.
Энэ талаар цагаан идээний худалдагч, “Манай ааруул 30-38 мянган төгрөгөөр худалдаалагдаж байгаа. Ямааны сүүн ааруул үнэтэй байх нь байсан. Одоо бол олдохгүй байгаа. Бусад ааруулны үнэ өмнөх оныхоос 10-20 хувь өссөн. Ингэхээс ч өөр аргагүй. Иргэдийн худалдан авалт хэвийн байгаа” гэсэн юм.
"Алтжин" худалдааны төвийг бид зориход хүмүүс ихэвчлэн жижиглэнгээр буюу бага хэмжээгээр ааруул, өрөм, хайлмаг худалдан авч байлаа. Энэ жил дээжийн ааруул буюу ааруулаар зассан идээ тун ховор байгаа аж. Худалдаа эрхлэгчдийн ихэнх нь малчдаас худалдан авч зарж байгаа бол зарим лангуун дээр малчид өөрсдөө бүтээгдэхүүнээ зарахаар иржээ. Гэхдээ үнийн хувьд огт ялгаагүй байлаа.
- Энгийн чихэртэй ааруул 16-20 мянга
- Хорхой ааруул 35-38 мянга
- Сүүн ааруул 38-40 мянга
- Чихэргүй ааруул 28 мянган төгрөг
- Тогооны өрөм 35-45 мянга
- Шар тос савлагаанаас шалтгаалж 40 мянга
- Аарц 15-20 мянган төгрөг
ГАНДАНГИЙН ХЭВИЙН БООВ 6000-7500 ТӨГРӨГ БАЙНА
Гурил шар тос болоод бусад материалын үнэ нэмэгдсэн. Тиймээс энэ жил хэвийн боовны үнэ өнгөрсөн жилийнхээс 1000-1500 төгрөгөөр өсчээ. Тухайлбал,
- Цехэд үйлдвэрлэсэн хэвийн боов 5500-6500 төгрөг
- Идээний еэвэн 20-35 мянган төгрөг
- Үйлдвэрийн хэвийн боов /энгийн/ 7500-8000
- Шар тостой, хэвийн боов 4000-4800
- Гандангийн хэвийн боов 6500-8500
- Гүрмэл 5000 төгрөгийн хооронд тус тус худалдаалагдаж байна.
Харин тавгийн идээний еэвэн хэмжээнээс хамаарч 20-35 төгрөгийн хооронд зарагдаж байлаа. Хүмүүсийн тухайд ихэвчлэн 10-15 ширхэг боов авч байгаа бөгөөд гандан болоод үйлдвэрийн хэвийн боов авч байгаа аж.
Иргэдийн хэлж байгаагаар цагаан идээ, ул боов авахад багадаа 350 мянган төгрөг зарцуулж буй.
УУЦ ХАМГИЙН БАГАДАА 400 МЯНГАН ТӨГРӨГ БАЙНА
“Хүчит шонхор” захад цагаан сарын баярын ууц том жижгээсээ хамааран 400.000-650.000 төгрөгийн үнэтэй байна. Энэ нь өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад хоёр дахин өссөн тоо юм.
Харин
- Үхрийн ястай мах кг нь 14-16 мянган төгрөг, цул нь 16-18 төгрөг,
- Ямааны ястай мах кг нь 10 мянган төгрөг, цул нь 12 мянган төгрөг,
- Хонины ястай мах кг нь 14 мянган төгрөг, цул мах нь 15-16 мянган төгрөг,
- Адууны мах кг нь 12-14 мянган төгрөгийн ханштай байна.
Энэ бол жижиглэнгийн үнэ. Гулуузаар нь болон хаа, гуяар авсан тохиолдолд кг нь 1000-2000 төгрөгөөр бага байгаа аж. Харин бусад зах, худалдааны төвд махны жижиглэнгийн үнэ баяр дөхөх сургаар 2000-3000 төгрөгөөр нэмэгджээ. Худалдаачид хэлэхдээ "Адуу, ямааны махны эрэлт их байна. Үхрийн өвчүү авах хүмүүс нэмэгдсэн. Ууц авч байгаа хүн цөөхөн байна" гэсэн юм.