Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар удирдан зохион байгуулав. Хур тунадас их орсонтой холбоотойгоор шар усны үер болох магадлал өндөр байна. Өнгөрсөн зун сүүлийн 30 гаруй жил ороогүй их бороо орсноос үер болсон. Иймээс НОК-ын Үер, ус, цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдэл, ослын үед ажиллах Ажлын хэсгийг шуурхай хуралдуулахыг үүрэг болгож, Ажлын хэсгийн ахлагчаар Улаанбаатар хотын ерөнхий менежер Ц.Төрхүүг томиллоо. Хотын дарга Ажлын хэсэгт шар усны үерээс урьдчилан сэргийлж, хор хохирлыг бууруулах эрсдэлийн төлөвлөгөө, нэн шаардлагатай тоног төхөөрөмжийн судалгааг гарган танилцуулж, худалдан авах ажиллагааг яаралтай зохион байгуулах үүрэг өгөв.
БҮХ НИЙТИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ АЯН ЗАРЛАЛАА
Шуурхай зөвлөгөөний үеэр нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлагаас цаг үеийн нөхцөл байдлын талаар асууж тодрууллаа.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ц.Төрхүү “Цагаан сарыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээг “Нэг хот нэг гэр бүл” уриан дор зохион байгуулж, дүүргүүдийн хэмжээнд аян зарласан. Нийт зургаан дүүргийн хэмжээнд 2,482,219 ам метр талбай цэвэрлэж, 3725 тонн цас, мөс ачлаа. Зам, талбайн цэвэрлэгээний төвийн 24 байгууллага, 846 үйлчлэгч, тусгай зориулалтын 312 машин, техниктэйгээр ажиллаж байна. 1100 тонн давс, 2300 тонн тусгай зориулалтын бодисын үлдэгдэлтэй байгаа. Сар шинийн баярын өдрүүдэд инженерийн шугам, сүлжээний аюулгүй байдлыг хангаж ажиллахыг харьяа байгууллагуудад даалгаж, хариуцлагатай жижүүр томилж байна” гэлээ.
26 байршилд халиа тошин үүссэн бөгөөд 18 байршилд дүүргүүд, найман байршилд Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ ажиллаж байна. Нийслэлийн хэмжээнд гэрэлтүүлэгч 87,090, гэрэлтүүлгийн шон 75,486, удирдлагын шит 1208 бий. Гэрэлтүүлгийн асалт 99.6 хувьтай байгаа юм.
Гандантэгчэнлин хийдийн орчны тохижилтын хүрээнд тус хийдийн дэргэдэх ерөнхий боловсролын 112 дугаар сургуулийн шинэ барилгын зураг, төсвийг боловсруулахад шаардлагатай зардлыг шийдвэрлэж, барилга угсралт, орчны тохижилтын зураг төслийг боловсруулж, тохижилт, хийдийн хамгаалалтын бүсийг өөрчлөх үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулаад буй.