Украины зүүн хэсгийн Луганск мужийн Лисычанск-т агаарын цохилт өгч, 28 хүний амь үрэгджээ. Өөрийгөө зарлан тунхагласан Бүгд Найрамдах Луганск Ард Улсын тэргүүн Леонид Пасечник Телеграм хуудаснаа энэ халдлагыг Украины арми үйлдсэн гэж мэдэгдэв.
Түүнчлэн халдлага болсон ням гарагийг халдлагад өртсөн хүмүүсийн төлөө гашуудлын өдөр болгон зарласан аж. Украины Батлан хамгаалах яам энэ хэргийн талаар ямар нэгэн тайлбар хийгээгүй байна. Лисычанск нь 2022 оны долоодугаар сард Оросын цэргүүдийн мэдэлд орсон юм.
Сүүлийн үеүдэд Украйн улс Орос болон Оросын хяналтад байгаа нутаг дэвсгэрт хийх довтолгоогоо нэмэгдүүлсээр буй. Тухайлбал, энэ долоо хоногийн эхээр Украины цэргийн тагнуулын алба Крымийн эрэгт Оросын байлдааны хөлөг онгоцыг живүүлж, Оросын Хар тэнгисийн флотод цуврал цохилт өгсөн талаараа мэдээлсэн юм.
Харин нөгөө талд, өнгөрсөн сард ОХУ-ын Батлан хамгаалах яам Украины нисгэгчгүй онгоцуудыг Москва, Санкт-Петербург руу чиглэн явж байсныг зогсоосон гэж мэдэгдсэн билээ.