Тэнэгэр говийн бахархал болсон тэмээн сүргээ дэлхийд таниулах, алдаршуулах зорилготой зохион байгуулдаг тэмээчид, уяачид, говь нутгийн зон олны бахархалт баяр болсон "ТҮМЭН ТЭМЭЭНИЙ БАЯР"-ыг дотоодын жуулчдаас гадна гадны жуулчид, сурвалжлагчид олноор зорин иржээ.
Олон улсад Тэмээний баярыг Тогтвортой аялал жуулчлалын жишиг загвар гэж үзэн дэлхийн хэмжээний томоохон агентлагууд сурвалжилдаг болсон нь аялал жуулчлалын хөгжилд төдийгүй эх орноо дэлхийд таниулахад хувь нэмрээ оруулж байна.
“ТҮМЭН ТЭМЭЭНИЙ БАЯР” 25 ДАХЬ ЖИЛДЭЭ БОЛЛОО
“Түмэн тэмээний баяр” эвент арга хэмжээ нь БОАЖЯ, “Монголын Аялал Жуулчлалын Холбоо”-ны “Mongolian tourism awards-2015” Тэргүүн шагналыг хүртэж, 2016 онд 1108 тэмээ уралдуулан барианд оруулснаар “Гиннес”-ийн дээд амжилтыг шинэчлэн тогтоож байв. Иймд 2017 оноос эхлэн БОАЖЯ-ны өвлийн эвент арга хэмжээний жагсаалтад албан ёсоор орж жил бүр зохион байгуулагдаж байна.
Өмнөговь аймгийн тэмээн сүрэг 160 мянга буюу 16 түмд хүрсэн тул энэ жил “16 Түмэн тэмээний баяр” хэмээн нэрийдэж, говь нутгийн бахархал болсон тэмээн сүргээрээ бахархан, алдаршуулан тэмдэглэж байгаа билээ. Энэ жилийн “Түмэн тэмээний баяр”-т Өмнөговь, Дундговь, Баянхонгор, Өвөрхангай, Говь-Алтай, Төв, Дорноговь зэрэг 7 аймгийн тэмээчид хүрэлцэн ирж, оролцож байна.