Бид энэ удаа 366 дахь өдөр УСК-нд зөвлөхөөр ажилласан, албино охин Ц.Мөнхжаргалтай ярилцлаа. Тэрээр харагдах байдлаараа бусдаас өөр харагддаг хүмүүс нийгэмд хэрхэн гадуурхагдаж, хөшгөө хаахаас өөр аргагүйд хүрдэг талаар бидэнтэй хуваалцсан юм.
-Сайн байна уу? Ярилцах санал хүлээн авсанд баярлалаа.
-Сайн байна уу? Өрөг.мн сайтыг үзэж байгаа үзэгчдэдээ энэ өдрийн мэнд хүргэе. Намайг Цэдэндорж овогтой Мөнхжаргал гэдэг. Миний бие КУДС-д жүжигчний мэргэжлээр сурдаг, албино охин байна.
-366 дахь өдөр УСК-нд зөвлөхөөр ажиллажээ. Үзэгчдэд үзүүлэхийн зорив оо?
-Би саяхан 12 дугаар сард хамгийн анхныхаа кинонд явсан. Кинонд явахаасаа өмнө албино хүмүүсийн талаар судалгаа хийх шаардлагатай болсон юм. Миний мэдэх, судалгаанд оролцсон 23 албино хүн байгаа. “366 дахь өдөр” УСК-нд зөвлөсөн гол зүйл бол гадуурхалт. Бусдын хандлага үйлдлээрээ биш юм аа гэхэд, зарим хүмүүсийнх уулзахад, шууд царайн дээрээ илэрдэг. Тэрийг л бүтээлээр гаргахыг илүү зорьсон.
-Яаж гадуурхдаг юм бэ?
-Зарим настай хүмүүс хараад л зочно. Юу вэ энэ чинь одоо сүнс үү гээд л. Эсвэл муухай харна. Намайг нүднээс нь далд ортол дагуулж хардаг хүмүүс ч байсан. Тэр их нөлөөлж, бусдад үзүүлэхийг зорьсон.
-Гадаад төрхөө үзэн ядах үе байв уу?
-Би яагаад албино болж төрсөн юм. Би яагаад энгийн хүн шиг байж болоогүй юм гээд боддог л байсан. Албино байж болж байна. Гэхдээ яагаад бусадтай адилхан хардаг байж болоогүй юм бол гэж их боддог байлаа.
-Ингэхэд та биеэ сайн даажээ. Зарим хараа муутай, хэл ярианы бэрхшээлтэй хүүхдүүдээ аав ээж нь хэт их тойглоод байгаа санагддаг уу?
Өөр хүмүүсийг хараад байхад, хүүхдийнхээ өмнүүр хэтэрхий их битгий ороорой гэж хэлмээр санагддаг. Тэр хүн биеэ даасан хувь хүн болох ёстой. Нэг удаа та хийж өгч болно. Хоёр дахь удаа гэж байхгүй. Таны хүүхэд биеэ даах ёстой. Тэр тал дээр илүү анхаарах ёстой байх. Миний хүүхэд ийм, тийм гэдэг битгий байгаарай.
Дэлхий дээр сая сая, өөр өөр төрлийн хүмүүс амьдарч байгаа. Энэ болгоныг хараад гайхширч мэдээж болно. Гэвч таны хандлага тухайн хүний сэтгэлд сэв суулгаж болно. Тэр хүний сэтгэлд сэв үлдэж байсан бол үүнийг нь анагааж ч болдог. Тиймээс энэ хүн биднээс өөр байна гэж харалгүйгээр, бидэнтэй л адилхан зүрх, сэтгэлтэй, харах өнцөгтэй гэдэг талаас нь харж тэр хүмүүст гадуурхал гэдэг зүйлийг битгий мэдрүүлж байгаасай.
-Нийгмийн хандлага өөрчлөгдвөл олон хөшиг нээгдэх байх даа.
-Мэдээж хандлага өөрчлөгдөх юм бол маш олон хүн хөшгөө нээх байх. Тэднийг тусалж дэмждэг хүмүүс нь, гэр бүлийнхэн нь эерэг хандлагатай байж чадвал хөшгөө нээхэд нь түлхэц болно.
-Та хөшгөө нээсэн үү?
-Аав намайг төрж байхад харчхаад, “сольчих юм уу” гэж хэлж байсан гэсэн. Тэр үнэхээр гомдмоор байсан. Бусад нь намайг юу гэх огт хамаагүй.
-Энэ тухай аавтайгаа ярилцсан уу?
-Ахлах ангид ороод энэ тухай ааваас асуухад, ууралсан. “Би юу гэж тэгж байдаг юм” гээд. Гэхдээ энэ талаар би аавтайгаа царай царайгаа харж байгаад эргэж ярилцах бодолтой байгаа. Энэ бол миний хамгийн том гомдол. Бусад хүн надад одоо яаж хандаж байгаа нь мэдээж сонин биш. Аавтай ярилцах боломж хараахан олдоогүй байгаа. Арай зөв цаг нь ирээгүй байгаа юм шиг байна билээ. Гэхдээ ямар ч байсан тэр хүн залуу байсан. Мэдэхгүй учраас тийм хандлага гаргасан байж болно л доо. Тиймээс аавтайгаа ярилцаад ойлголцчихвол би уучилна аа.