Тун удахгүй цагаан сарыг баяр болох гэж байна. Удаан хадгалсан мөнгөн эдлэлээ гаргаж өнгөлөхдөө кетчуп, сода, давс зэргээр гэрийн нөхцөлд өнгөлгөө хийх боломжтойг та мэдэх үү. Тэгвэл бид мөнгөн эдлэл худалдан авахдаа юунд анхаарах, гэрийн нөхцөлд хэрхэн өнгөлөх талаар "Цалин цагаан 999” үнэт эдлэлийн дэлгүүрийн менежер А.Даваасамбуугийн зөвлөгөөг хүргэж байна.
Тэрээр “Наадам, цагаан сар гээд уламжлалт баярын үеүдэд мөнгөн эдлэл худалдан авах хэрэглэгчдийн тоо нэмэгддэг. Хэрэглэгчид үнэт эдлэл худалдан авахдаа анхаарах хэд хэдэн зүйл бий. Тухайлбал, ихэнх хэрэглэгч гар дээрээс баталгаат бус алт, мөнгө, үнэт эдлэл авдаг. Ямар ч сорьцийн баталгаагүй, барааны тэмдэгтгүй бүтээгдэхүүн авах нь хулхидуулах зэрэг олон эрсдэлтэй.
Манай байгууллагын хувьд олон улсад болон Монголын сорьц тогтоох итгэмжлэгдсэн лабораторийн сорьцийн албанд өөрсдийн бүтээгдэхүүнээ өгч, баталгааны хуудсаа авдаг. Өөрсдийн гэсэн барааны тэмдэгт, сорьцийн баталгаатай газраас худалдан авалт хийвэл өнгө алдаад буцаад очиход ч буцах хаягтай байх нь чухал.
Хүмүүс мөнгөн эдлэл авахдаа харладаг уу, харладаггүй юу гэж их асуудаг. Мэдээж хэрэглээний явцад өнгө нь хувирна. Утасны хэт ягаан туяа, компьютер дээр удаан ажилладаг хүмүүс, бие нь өвддөг хүмүүс хэрэглэх гэх мэт гаднын нөлөөллөөс шалтгаалан мөнгөн эдлэлийн өнгө хувирдаг. Хурдан эсвэл удаан хувирч байгаагийн гол шалтгаан нь 925, 999, 998 гэх мэт сорьц юм.
Мөнгөн эдлэлийг гэрийн нөхцөлд өнгөлөх олон арга бий. Тухайлбал,
- Хүнсний хуурай сода, давс, мөнгөлөг цаас ашиглаад өнгөлж болно. Ингэхдээ халуун усанд мөнгөлөг цаасаа хийж, дээрээс нь халбага давс, сода хийгээд дээр нь мөнгөн эдлэлээ хийж, 1-2 минут орчим байлгасны дараа мөнгөн эдлэл өөрөө цайгаад ирнэ. Ингээд гаргаж ирээд, арчиж цэвэрлэх.
- Дараагийн арга нь хуурай содагаа хуурай сойз дээр хийж байгаад мөнгөн эдлэлээ үрэхэд харлаж, шарласан байдал нь цагаарч, үндсэн өнгө нь гарч ирэхэд усаар зайлаад, цэвэрлээд болчихдог.
- Мөн кетчуп болон аяга таваг угаагчаар мөнгөн эдлэлийг цэвэрлэж болдог. Кетчупаасаа бага зэргийг мөнгөн эдлэл дээрээ дусаагаад, салфеткаар арчиж, цэвэрлээд, 10-15 минут орчим байлгана. Кетчуп нь мөнгөн эдлэлд ууссаны дараа сайн арчиж цэвэрлээд, усаар зайлаад, мөнгөн эдлэл маань өнгө орно.
Мөн манайх 999 сорьцтой аранжин зэсээр аяны тогоо, зэс тогоо, айргийн сөн гэх мэт бүтээгдэхүүн хийж худалдаалдаг. Зэс эдлэлийг өнгөлөх хэд хэдэн арга байдаг. Тухайлбал, зэс эдлэл дээрээ бага зэргийн кетчуп түрхээд, дээр нь бага зэргийн давс цацаад 2-3 минут орчим байлгаж байгаад сайн үрж цэвэрлээд, ариутгахад зэс эдлэл сэргэж, өнгө ордог.
Манай монголчууд үнэт эдлэлийг хадгална гэж худалдаж аваад байдаг. Алт, мөнгө, зэс эдлэлийг худалдаж авч байгаа бол хэрэглэх зориулалтаар авах хэрэгтэй. Учир нь мөнгө, зэс эдлэлийг хадгалах гэж биш хэрэглэх гэж бүтээсэн. Мөнгөн эдлэлийг хадгалаад байвал илүү элэгдэнэ. Хүн хэрэглэхгүй учраас тоосонд дарагдаад л… мөнгө, зэс эдлэлийг худалдаж авсан бол тогтмол хэрэглэж байх шаардлагатай. Мөнгөн, зэс аяга авсан бол өдөр тутамдаа ус, цайгаа уух хэрэгтэй. Ингэвэл хүний дотор таван цул эрхтэнд, эрүүл мэндэд нэн ач тустай. Үнэхээр хадгалах шаардлагатай бүтээгдэхүүн бол аль болох харанхуй газар хадгална.
Мэдээж хүн хэрэглэж л байгаа учраас мөнгөн эдлэлийн өнгө нь хувирна. Сорьцийн баталгаатай газраас худалдан авч, сайн өнгөлж сурах нь чухал” гэв.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.