Манай нийгэм, улс төрд өдөр бүр л олон сенсаацитай үйл явдлууд болж, түүнийг нь маш олон мэдээллийн хэрэгслүүд, цахим орчин давалгаалан хүргэдэг. Энэ нь энэ нийгэмд амьдарч байгаа иргэдийн сэтгэлзүй, оюун санаанд хэрхэн нөлөөлдөг бол. Цахим орчин дахь хэт олон мэдээллээс ядарч, стресстэж байна, хорвоо тэр чигтээ түгшүүртэй болчихсон юм уу гэх иргэдийн сэтгэгдэл ч цөөнгүй байна. Бид сайн муу мэдээлэл, сенсаанци хүний тархинд яаж нөлөөлдөг, бид оюун санаа, сэтгэлзүйгээ хэрхэн эрүүл авч үлдэх талаарх зөвлөгөө мэдээллийг хүргэж байна.
Мэдээлэл нь хүний сэтгэл санаа, үзэл бодол, хандлагад шууд нөлөөлөл үзүүлж байдаг хүчтэй зүйл. Мэдээллийг бид уншиж, харж, сонсож хүлээн авдаг. Хүн бүр тус бүрийн дэлгэцгүй (ухаалаг утас, компьютер) байхад хязгаарлагдмал хүрээнд мэдээллийг авдаг байсан. Харин одоогоор өөрийн хүссэн мөн хүсээгүй( хогон мэдээлэл-өөрт хэрэглэгдэхгүй, зөвхөн сэтгэл санааны хямрал үүсгэх) мэдээллийг хязгааргүйгээр авах боломжтой болжээ.
Оюун санаа, сэтгэлзүйгээ бид яаж хамгаалж, эрүүл байлгах вэ?
1. Ямар мэдээллийг авах гэж байгаагаа нягтлах
2. Өөрийнхөө мэдээлэл авч байгаа сувгуудаа нягтлах
3. Мэдээллээ хязгаарлах
Шалгагдаагүй мэдээллийг нэг нэгэндээ дамжуулахгүй байх. Амьд харилцаа үүсгэж өөрийнхөө амьдралд анхаарлаа илүү хандуулах.
Өөрийгөө стресст автаад байгааг яаж мэдэх вэ?
Стресс бухимдал олон шинж тэмдэгээр илэрдэг. Танин мэдэхүй, зан үйл, бие махбодийн гэсэн хэлбэрээр. Тухайлбал, анхаарал төвлөрөхгүй байх, ой тогтоолт муудах, бусадтай харилцахад бэрхшээлтэй байх, өөртөө итгэлгүй болох, нойр муудах гэх мэт.
Mental Healthгэж юу вэ? Яаж дархлаа тогтоох вэ?
Сэтгэцийн эрүүл мэндийн асуудал нь өргөн хүрээг хамардаг ойлголт. Сэтгэцийн эмгэггүй, сэтгэл зүйн тайван тогтвортой бөгөөд эрүүл саруул байдлыг хэлдэг. Сэтгэл зүйн хувьд эрүүл саруул, хэвийн тогтвортой сэтгэл зүйтэй байхын тулд эрүүл амьдарлын хэв маягтай байх хэрэгтэй. Үүнд, ажил амьдралын тэнцвэрт байдлаа хангах, хоногт 6-8 цаг тогтмол унтаж амрах, амьд харилцааг эрхэмлэх, ухаалаг утастайгаа харьцах цагаа хянах, багасгах, дасгал-хөдөлгөөн тогтмол хийх зэрэг нь бидний сэтгэл санаанд эергээр нөлөөлдөг байна.