Монголын Ардчилсан Холбоо Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарыг шалгуулах хүсэлтийг Авилгатай Тэмцэх Газарт өглөө. Уг хүсэлтийн агуулга нь:
"Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг УИХ-аар хэлэлцүүлэн батлуулахтай холбоотойгоор МоАХ-ны СХД-ийн салбар зөвлөлөөс дараах гомдлыг АТГ-т хүргүүлж байна. УИХ-ын эрхэм гишүүн, ЗГ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарын санаачилсан "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль"-д маш ноцтой хэд хэдэн заалт байна. Тухайлбал, гадаадын хөрөнгө оруулагч нь Монгол улсын газар нутгаас хараат бусаар бие даан шийдвэр гаргаж, зуун жилээр ашиглах эрхтэй байх, мөн төрийн болон ард түмний ямар нэгэн хяналтгүйгээр үйл ажиллагаа явуулах, татварын болон бусад төрлийн урамшууллыг Монголын баялаг бүтээгчдээс хэд дахин давсан хэлбэрээр хүртэх,гадаад ажилчдын ажлын байрны татвараас бүрэн чөлөөлөгдөх хэлбэрээр Монгол хүнийг ажлын байрнаас шахан гаргах, газар, байгалийн баялаг ашиглах хүсэлт гаргаж, түүнийгээ хуулиар хамгаалуулан заавал хамгаалуулах зэрэг ноцтой заалтууд байна. Энэхүү заалтууд нь Монголын тусгаар тогтнол, газар нутагт заналхийлсэн, МУ-д хөрөнгө оруулалт оруулах бус харин Монголын ард түмнийг ажлын байргүй болгох, газар нутаггүй болгох, Монгол төрийн үнэлэмжийг гаднынхан үл ойшоох хэмжээнд аваачсаныг илтгэж байна. Иймд энэхүү төслийг санаачлан, шинэчлэн найруулсан Ч.Хүрэлбаатар сайдыг гаднын захиалга, санхүүжилтээр тус хуулийг шинэчлэн найруулж, батлуулахаар идэвхийлэн хүч гарган ажиллаж байна гэж хардаж байна. Иймд тус гишүүнийг шалгаж өгөхийг хүсэж байна" гэжээ.