Иргэн П согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гудамжинд автомашин жолоодож явсан А-тай маргажээ. А түүнд “Замаас холд” хэмээн шаардлага тавихад, П нь “Машинаараа дайрах шахлаа” гэж маргалдан, улмаар А-г машинаасаа бууж ирэхэд нь түүний нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохисноос А унаж, газар дээрээ нас барсан байна.
Прокуророос П-г “хүнийг санаатай алах” гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж, яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ. Эрүүгийн хуульд хүнийг алсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан. П-ийн санаатайгаар цохисон үйлдлийн улмаас иргэн А тархиндаа гэмтэл авч амь нас нь хохирсон тул түүний үйлдэл хүнийг санаатай алах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж шүүх дүгнэжээ.
Анхан шатны шүүхээс П-г “хүнийг санаатай алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 10 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв. Түүний өмгөөлөгч ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхийг хүсэж, давж заалдах шатны шүүхэд хандсан ч П өмнө нь гурван удаа бусдын биед халдаж, ял шийтгүүлж байсан ч засрал хүмүүжлийг олоогүй гэж дүгнэн ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх нь зөв гэж үзжээ.