Дэлбэрэлтэд өртсөн иргэд орон сууцныхаа даатгалаар 100 хувийн нөхөн төлбөр авах ёстой. Гэвч зарим даатгалын компаниуд аль болох нөхөн төлбөр олгохгүй байх бодлого баримталж ажилладаг талаар хуульч Б.Түвшинтөгс хэллээ.
Бид асуудалтай холбогдуулан даатгалын ач тус хийгээд, дээрх үйлчилгээ эрхэлдэг компаниудад иргэд сэтгэл ханамжтай байдаг эсэх талаар тодрууллаа.
Энэ талаар “UA Properties LLC”-ийн борлуулалт хариуцсан захирал Ю.Мина дараах зүйлийг хэллээ.
Тэрээр, “Уг нь зүй тогтлоороо оршин суугчид даатгалтай, СӨХ-тэй, төлбөр мөнгөө төлдөг тойргоор үйл ажиллагаа нь эргэх ёстой. Иргэд биднээс ипотекийн байр худалдан авахад, тухайн банкнаас нь эхний гурван жилийн хугацаанд, заавал даатгуулсан байх шаардлага тавьдаг. Гэхдээ иргэд ихэвчлэн хийх ёстой учраас, шаардлагатай учраас гэдэг үндсэн дээр л аливаа даатгуулдаг юм. Ингэхдээ гэрээгээ ч нарийн сайн уншдаггүй. Энэ бол зүгээр нэр төдий зүйл биш. Нарийн харж үзэх юм бол гадаад орнуудад бүх иргэнээ даатгалд хамруулдаг. Жишээ нь Солонгост төрснөөсөө хойш даатгалаа автоматаар төлөх системтэй байдаг” гэв.
Харин иргэд энэ тухай байр сууриа илэрхийлэхдээ,
- Даатгал ашигтай. Манайхан ганц зүйл хийж чадахгүй байгаа. Даатгалаар нь тухайн хүний хохирлыг бүрэн хэмжээгээр төлж чадахгүй байгаа. Яагаад гэхээр олон улсын түвшинд хоёрдогч даатгал гэж бий. Даатгалаа дахиад нэг даатгалын байгууллагаар даатгадаг гэсэн үг. Үүнийг манайхан хийж чадахгүй, зөвхөн тухайн өдрийн ашгаа л бодож ажилладаг.
- Жолоочийн хариуцлагын даатгал гэх мэт зүйл байгаа л байх. Даатгалын үйлчилгээний хувьд, гайгүй сайн газар нь сайн хүргэдэг гэж боддог шүү.
- Хүн болгонд эрсдэл тохиолдоно шүү дээ. Бэртэнэ, өвдөнө. Энэ тохиолдолд даатгал хэрэгтэй гэж бодож байна.
Тэгвэл Газ тээвэрлэж явсан машин дэлбэрснээс үүдэж, орон сууц, машинаараа хохирсон иргэд даатгалын компаниар хохирлоо барагдуулах боллмжтой эсэх талаар хуульч Б.Түвшинтөгсөөс тодрууллаа.
Тэрээр, “Ямар нэг даатгалтай иргэдэд нөхөн төлбөр олговрын асуудал яригдана. Даатгалыг 60-70 хувь гэхгүй, 100 хувь олгох ёстой. Яагаад гэвэл энэ бол давагдашгүй хүчин зүйл. Даатгуулагчийн буруутай үйлдлээс биш гэнэтийг ослын шалтгаантай учраас 100 хувь олгох асуудал яригдана. Даатгалын байгууллага аль болох нөхөн төлбөр олгохгүй байх бодлого барьдаг. Удааж байж, араасаа нэхэл дагуул болж байж, хагас хугаслаад, 60-70 хувийг олгоно гээд аль болох л олгохгүй байх бодлого барьдаг. Хоёрдугаарт бууруулж олгох бодлого барьдаг. Энэ асуудал дээр их хэмжээний хохирлын асуудал яригдаж байгаа учраас тийм асуудал бүр ч их гарна. Дутуу олгосон, олгохоос татгалзсан тохиолдолд СЗХ-нд ханддаг юм. Ингээд хорооноос шаардлага хүргүүлсэн ч биелүүлэхгүй байх тохиолдол олон бий. Даатгалын асуудал дээр заавал буруутанг тогтоох гээд, цагдаагийн байгууллагын хэмжилт, дүгнэлт хараад суучихдаг тал бий. Өөрөөр хэлбэл авто осол дээр цагдаагийн хэмжилт, тайлан гээд хараад суучихдаг. Уг нь бол ингэх шаардлагагүй” гэлээ.