Украины 65 олзны цэргийг тээвэрлэж явсан Оросын цэргийн онгоц Лхагва гарагт Украины хилийн ойролцоо Белгородын бүс нутагт халдлагад өртөж, осолдсон. Улмаар 65 цэргээс гадна хөлгийн багийнхнийг оруулаад 74 хүн бүгд амь үрэгдсэн гэж Оросын тал мэдэгдсэн юм.
“Ил-76” цэргийн онгоцыг Украины арми онилж, өөрсдийн цэргүүдээ болон Оросын гурван цэргийн аминд хүрлээ гэж Оросын тал буруутгаж буй. ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас олзлогдсон цэргүүдийг солилцох ажиллагаа лхагва гаргийн үдэд Колотиловка хилийн шалган нэвтрүүлэх цэгт болох байсан бөгөөд Белгородын нисэх буудалд Украины олзны цэргүүдийг тээвэрлэсэн онгоц бууна гэдгийг Украины тал мэдэж байсан талаар хэлсэн юм. Харин нөгөө талд, Украины ерөнхийлөгч В.Зеленский энэ үйл явдлыг эрс буруушааж байна.
Тодруулбал, тэрбээр ОХУ энэ хэргийг зориудаар хийсэн ба Украин цэргүүдийн амь нас хийгээд нийгмийн сэтгэл зүйгээр тоглож байна гэсэн юм. Украины ерөнхийлөгч энэ хэргийг олон улсад хянаж шалгах ёстой талаар мөн хэллээ. Гэхдээ Украины цэргийн тагнуулын албаныхны мэдээлснээр эл онгоцонд хэн сууж, хаашаа, ямар хэргээр явж байсан талаарх мэдээлэл огт өгөөгүй аж. Өөрөөр хэлбэл, ОХУ зориудаар энэ бүхнийг зохион байгуулсан гэж үзэж буйгаа хэрэг гардаг өдөр тус албанаас мэдээлсэн юм.