Улаанбаатар хот тээвэр ложистикийн төв болчхоод буйг анхаарах ёстой талаар Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг хэллээ.
Тэрээр, Монгол Улсын нийт импортын 93 хувь Замын-Үүд, долоон хувь нь Алтанбулаг боомтоор орж ирдэг. Шатах тослох материал, хүнсний гээд бүх бүтээгдэхүүн эдгээр боомтоор орж ирээд 21 аймаг болон Улаанбаатарт тараагддаг. 60 тоннын хийн түлш тээвэрлэсэн машины тухайд өчигдөр Замын-Үүд чиглэл рүү хотын төвөөр дайрч явж байсан.
НИТХ-аар баталсан, том оврын тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцохыг зохицуулсан журам байдаг. Журмын дагуу цагийн хуваарь болон хөдөлгөөний маршрутыг тогтоодог. Уг тээврийн хэрэгсэл маршрутын дагуу явсан. Тээврийн хэрэгсэл болгонд авах зөвшөөрлийг авах ёстой ч авсан эсэх нь баталгаажаагүй гэдгийг Цагдаагийн байгууллагаас мэдээлсэн. Өөрөөр хэлбэл тухайн компани хууль зөрчсөн үйлдэл байхыг үгүйсгэхгүй, хуулийн байгууллага эцэслэн шийднэ.
Галд өртсөн 60 айлын орон сууцанд 56 өрхийн 180-190 байнгын оршин суугч байна. Хуулийн байгууллагаар хэрэг шийдэгдсэний дараа хохирлыг барагдуулах боломж бий. Хэрэг шийдэгдэх цаг мөчийг хүлээхгүйгээр прокурор, шүүх шинжилгээ, мөрдөх байгууллагуудын төлөөлөл ахалсан олон ажлын хэсэг 14 давхар барилгын хохирлын үнэлгээг гаргахаар ажиллаж байна.
Нийслэлийн инженерүүдийн баг, стандарт хяналтын газраас хамтарсан ажлын хэсэг галд өртсөн барилгыг цааш ашиглах боломжтой эсэхийг тогтооно. 60 айлын орон сууцны барилга нь бетонон карказ, блокон дүүргэлттэй. Гал унтраах үед блокийг цөмлөсөн тохиолдлууд байгаа. Мэргэжлийн байгууллагаас барилгын үндсэн бүтцэд гажилт үүсээгүй, хүн амьдрахад аюулгүй гэвэл засварлах юм.