Өнгөрсөн шөнө Украины Донецк мужид Украины зэвсэгт хүчин агаарын цохилт өгсөний улмаас 27 хүн амь үрэгдэж, 25 хүн бэртсэн гэж ОХУ-ын талаас мэдээллээ. Донецк мужийн ОХУ-ын мэдэлд буй хэсгийн захирагч Денис Пушилин халдлагын үеэр амиа алдсан хүмүүст зориулж Донецк даяар гашуудал зарлаад байна.
Түүний хэлснээр гэмтэж бэртсэн 25 хүний долоо нь хөнгөн шархдсан бөгөөд үлдсэн 18 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа гэлээ. ОХУ-аас томилсон Хотын дарга Алексей Кулемзины мэдээлснээр өнгөрсөн шөнийн халдлага нь Донецкын баруун хэсгийн хөл хөдөлгөөн ихтэй хотод болсон аж.
ОХУ-ын гадаад хэргийн яамнаас хийсэн мэдэгдэлд халдлагыг харгис хэрцгий террорист үйлдэл гэж нэрлэж "ОХУ энгийн иргэдийн эсрэг хийсэн халдлагыг эрс буруушааж байна" хэмээн цохон тэмдэглэсэн байв. Мөн халдлагыг Украины цэргүүд барууны зэвсэгийг ашиглан үйлдсэн гэж ОХУ-ын гадаад хэргийн яам үзэж байгаа аж.
Гэхдээ Украины талаас халдлагад буруугүй гэж мэдэгдэж байна. Украины өмнөд бүс нутагт байлдаж буй зэвсэгт хүчнээс олон нийтийн нийгмийн сүлжээнд мэдэгдэл хийсэн байсан бөгөөд “Донецк бол Украины газар нутаг. Халдлагын үеэр амь үрэгдсэн Украинчуудын амийг ОХУ-аас нэхэх ёстой” гэсэн байна. Мөн Донецк мужын Украины эзэмшилд байгаа бүс нутгийн захирагч Вадим Филашкин телеграмаар дамжуулан мэдэгдэл хийж Донецк мужын оршин суугчид байлдааны улмаас олноор амь үрэгдэх тохиолдолууд гарч буй тул нэн даруй нүүх хэрэгтэй хэмээн уриалаад байна.