Монгол үндэстний хамгийн өргөн дэлгэр тэмдэглэдэг баяруудын нэг болох цагаан сар хаяанд ирээд байна. Бид энэ баяраар ууц тавьж, бууз, нийслэл салатаа идэж өнгөрүүлдэг. Архи хэтрүүлэн хэрэглэх нь ч элбэг. Гэтэл эдгээр тогтсон заншил нь нойр булчирхайн цочмог үрэвслийг үүсгэдэг талаар хоол боловсруулах эрхтний эмч Б.Мөнхзул өгүүлсэн юм.
-Монголчуудын дунд нойр булчирхайн өвчлөл хэр их байгаа вэ?
Бараг бүгдээрээ нойр булчирхайн их бага үрэвсэлтэй болсон байгаа. Бүгд ходоод нь өвддөг, нойр булчирхай нь эмзэглэж өвддөг, хоол шингэдэггүй зэрэг зовуурьтай байдаг. Дандаа хэт их тостой хоол идээд араас нь хүйтэн ундаа уудагтай холбоотой. Ирж үзүүлж буй өвчтөнүүдийн ихэнх нь нойр булчирхайн үрэвсэлтэй гарч байна. Мөн тэмдэглэлт өдрүүдэд огцом их идэх, спирт хэтрүүлэн хэрэглэх зэргээс үүдэн нойр булчирхайн цочмог үрэвсэл түгээмэл болдог.
-Удахгүй цагаан сарын баяр болох гэж байна. Цагаан сарын үеэр ийм тохиолдол аль хэр их гардаг вэ?
Цагаан сарын өдрүүдэд олон хоног амардаг. Түүнээсээ шалтгаалдаг байх олон өдөр архи тасралтгүй хэрэглэх хүмүүс байдаг. Энэ бол ихэвчлэн ахимаг насны эрэгтэйчүүдэд тохиолдсон байдаг. Айлаас айлын хооронд их хэмжээгээр идээд явах ч аюултай. Бууз, салат, ууц зэрэг хоолууд дандаа тослог ихтэй орцтой. Дээрээс нь хэдэн өдөр болсон салат идэж нойр булчирхайгаа өвчлүүлэх нь түгээмэл. Тэр салатыг хийснээс хойш найман цагийн дараагаас нян үржиж эхэлнэ шүү дээ. Иймэрхүү шалтгааны улмаас нойр булчирхайн цочмог үрэвсэл ихэвчлэн наадам, цагаан сарын дараа элбэг байдаг.
-Та нойр булчирхайн цочмог үрэвслийн талаар дэлгэрэнгүй яриач?
Нэг цочмог үрэвсэл болчих юм бол амь насаа алдах хүртэл эрсдэлтэй байдаг. Маш хүчтэй нойр булчирхайг гэмтээснээр нойр булчирхай өөрөө хүчтэй шүүрлүүд өөрөөсөө ялгаруулаад, тэр шүүрлүүдээрээ өөрийгөө хайлуулж эхэлдэг. Үүнээс үүдэн нойр булчирхай үхжиж, үхэлд хүргэх хүртэл аюултай. Тиймээс баярын өдрүүдээр хоол болон спиртийн хэрэглээгээ тааруулах шаардлагатай юм.