Израилын ерөнхий сайд Биньямин Нетаньяху Палестины тусгаар тогтнолыг зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдлээ. Палестиныг тусгаар улс гэж үзэх нь Израилийн аюулгүй байдалд аюул учруулна гэж тэрээр үзэж байна. Өнгөрсөн долоо хоногт болсон нэгэн хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлч нар түүнээс Газын зурвас дахь асуудлыг шийдвэрлэхийн тулд Палестиныг тусгаар тогтносон улс гэж үзэх хэрэгтэй эсэх талаар тодруулсан байна. Үүнд Биньямин Нетаньяху хариулахдаа эсрэг байр суурьтай байгаа гэдгээ илэрхийлж “Ямар ч үнээр хамаагүй Израил улсын аюулгүй байдлыг хамгаална. Үүний тулд Йорданы баруун бүс нутагт тэр чигт Израилчууд хяналтаа тогтоох ёстой” гэжээ.
Хэрвээ Палестиныг тусгаар тогтносон улс гэж үзвэл Газын зурваст Израилчууд цэргүүдээ оруулж байгаа нь олон улсын хууль дүрэмд харшилсан хэрэг болох юм. Биньямин Нетаньяаху тийнхүү Палестины тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдсэний дараахан АНУ-ын төрийн департмантаас хэвлэлийн төлөөлөгч Матью Миллер хариу мэдэгдэлийг тэр даруй хийсэн юм.
АНУ-ын засгийн газар Палестиныг тусгаар улс гэж хүлээн зөвшөөрөх нь Израил болон Палестинд хоёуланд нь ашигтай байх “цорын ганц шийдэл” гэж үзэж байгаа талаар Матью Миллер хэлсэн. Ингэхдээ Израил улсын засгийн газарт хандан “Аюулгүй байдлаа хамгаалж үлдэхийн тулд золиос гаргах хэрэгтэй” хэмээн анхааруулсан байна.