Цахилгаан шат нэг давхарт ирэх бүрд шалыг нь арчих тавь эргэм насны эмэгтэй бол Э.Гантуяа. Тэрээр албаны хослолыг нямбай гэгч өмссөнөөс гадна өнгөрч гарах хүн бүртэй инээмсэглэн мэндэлж харагдана. Тус барилгад орж ирсэн хүн бүр түүнийг танимхайран мэндлэхийг үзвэл өдөр бүр ийм байдаг гэлтэй. Түүний хариуцсан хэсэг нь нэгдүгээр давхар. Өвлийн улиралд шавар шавхай, замын давснаас шалтгаалан нэг давхар бохирдох нь их тул завсаргүй тонголзож үзэгдэнэ. Үүдний цагаан алчуур үргэлж цагаанаараа байх бөгөөд гучин минут тутамд угааж баздаг гэнэ.
Бүх насаараа үйлчилгээний байгууллагад ажилсан түүний багын мөрөөдөл нь бүжигчин болох байжээ. Одоо тэрхүү мөрөөдлийг нь бага хүү нь биелүүлж бүжигчний мэргэжлээр ажилладагт сэтгэл хангалуун явдаг аж. Түүний өдөр бүр хослол өмсдөг шалтгааныг асуухад тэрээр "Үйлчилгээний ажилтан байхаараа л хувцаслалтдаа анхаардаггүй гэсэн үг биш. Ямар ч ажилтай хүн байсан өмссөн хувцас нь цэвэр цэмцгэр байх юм бол бусдын хандах хандлага ч сайн сайхан байна шүү дээ" гэсэн юм. Тэрээр мөн гоё ганган байхаас илүү цэвэр цэмцгэр явах нь дээр хэмээн хэлж байлаа.
Ямар ч ажил хүнийг сайхан харагдуулж болохыг түүний жишээнээс ойлгож болохоор санагдана. Аливаа ажлыг сэтгэлээсээ хийх нь өөрийнхөө болон хийж буй ажлынхаа үнэ цэнийг нэмж буй хэрэг юм. Хүлээсэн үүргээ биелүүлж, хичээл зүтгэл гарган ажиллах нь хүнийг ямагт сайн зүйлст хөтөлдөг болохыг тэрээр өгүүлсэн бөгөөд "Буруу , муу зүйл хийсэн биш, хөдөлмөрлөж яваа хүн үргэлж дээшилж, дэвшиж байдаг юм" хэмээн шинэ залуу үеийнхэндээ хандаж хэлэхийг хүссэн билээ.