УИХ-ын чуулганы хуралдаанаар Өрийн удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.
Нийслэл олон улсын зах зээлд үнэт цаас гаргах боломжийг бүрдүүлэх зорилгоор Өрийн удирдлагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна. Мөн нийслэлийн үнэт цаасыг олон улсын зах зээлд гаргах эрх зүйн орчныг бий болгосноор урт хугацаатай, зардал багатай өрийн хэрэгслийг зах зээлд гаргах, үүний үр дүнд төсөвт ирэх ачааллыг бууруулж, нийслэл хөгжлийн болон томоохон төслүүдийг санхүүжүүлэх боломжийг бүрдүүлэх, цаашлаад Монгол Улсын валютын нөөц бүрдүүлэлт, төгрөгийн ханшийн чангаралт, гадаадын хөрөнгө оруулалтад эерэг нөлөөлөл үзүүлнэ гэж төсөл санаачлагчид үзжээ.
Улмаар хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.