Олон нийт сар шинийн баярын бэтгэлээ хангахаар зэхэж, зах худалдааны төвүүд олны хөлд дарагдаад эхэлжээ. Бид Хүчит шонхор худалдааны төвөөс ууц, мах хийгээд сүү сүүн бүтээгдэхүүний үнийн талаар мэдээллийг үзэгч танд хүргэе.
“Хүчит шонхор” захад цагаан сарын баярын ууц том жижгээсээ хамааран 400.000-650.000 төгрөгийн үнэтэй байна. Энэ нь өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад хоёр дахин өссөн тоо юм. Өнгөрсөн жилийн тухайд ууц мөн л том жижгээсээ хамааран 180.000-400.000 төгрөг байсан. Хүүгээ, охиноо сугадан цагаан сарын бэлтгэлээ базайх гэж буй ахмадууд, “хэтэрхий үнэтэй юм аа” гээд үгээ хэлж буй дүр зурагтай олон таарах нь тэр.
Ууц өвчүү худалдаалж буй иргэдийн хувьд, олон нийтийн худалдан авах чадвар муу байгааг онцолсон юм.
Тэд ярихдаа:
- Өнөө өглөөнөөс хойш таван цаг гадаа зогсож байна. Нэг ууц л зарлаа. Иргэдийн байдал хэцүүхэн байгаа болтой. Үнэтэй байна гээд малчид биднийгээ их л загнаж байна. Би ууцнуудаа 650 мянгаар зарж байгаа. Миний хувьд ингэж зарахаас өөр аргагүй. Хонио таргалуулж, тарган сайхан ууц гаргахын тулд дөрвөн жилийн турш халуун, хүйтнийг ажрахгүй л зүтгэсэн. Тийм болохоор үүнээс хямд өртгөөр худалдаалах боломжгүй.
- Ууц янз бүрийн л үнэтэй байна. Энэ хавийн худалдаачид намайг үнэ буурууллаа гээд дургүйцэж байгаа. Би ууцнуудаа 380.000 төгрөгөөр зарж байгаа юм. Гүйлгээ муу байна. Иргэд цагаан сарынхаа бэлтгэлийг арай хангаж эхлээгүй байгаа юм болов уу. Худалдаж авахгүй ч үнийг нь харж сонирхож байгаа улсууд их байна.
Харин худалдан авагчид:
- Би бэлтгэлээ эртхэн хийе гээд зургаан сарын тэтгэвэрийн зээлээ аваад явж байна аа. Яах вэ ингэж мөнгө зарлагадах хэцүү ч үр хүүхдээ, ах дүүсээ хүлээж аваад золгодог ганц баяраараа хамаг байдгаа шавхахаас өөр яах вэ. Өнгөрсөн жил ууц, өвчүү, хэвийн боовоо авсан мөнгөөрөө энэ жил ганцхан ууц аваад таарах нь. Нэг сарын тэтгэвэрийн мөнгөөрөө ганц ууц ч авч хүрэхээргүй болж. Гэсэн ч авна даа. Үзээд л явж байна.
- Охин маань ууцаа аваарай гээд 400 мянган төгрөг өгсөн юм. Тааруулаад авна даа. Яг санаанд нийцсэн сайхан тарган ууцнууд их үнэтэй байна.
- Үнийг нь судлаад явж байна. зөвхөн ширээн дээрх тавгаа засахад нэг сая гаруй төгрөг болохоор байна шүү. Өмнө жилээс юмны үнэ их өсжээ. Махаа хэтэрхий үнэтэй зарж байна.
Хүчит шонхор худалдааны төвд үхрийн мах нэг кг нь 16000 төгрөгийн үнэтэй байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үед 8000-8500 төгрөг байсан юм.
Ингээд бусад бүтээгдэхүүний үнийн мэдээллийг хүргэе.
- Адууны мах 10000-11000
- Үхэрийн хаа сээр 14000-15000
- Үхэрийн гуя 14000-16000
- Үхрийн цул мах 13500
- Үхэрийн өвчүү 12000
- Тавгийн идээ:
- Тавгийн ааруул 350000
- Хорхой ааруул 1 кг нь 28000-35000
- Бор ааруул 40000
- Хайлмаг 12000
- Шар тос 40000
- Урт хурууд ааруул 35000
- Өрөм 35000
- Чипсэн ааруул 35000