Израил, Хамас бүлэглэлийн хоорондох мөргөлдөөн дөрөв дэх сардаа үргэлжилж байна. Газын зурваст амь үрэгдсэн Палестины энгийн иргэдийн тоо 24 мянгад хүрэхэд тун ойрхон байгаа энэ цаг үед НҮБ-ын дэргэдэх Олон улсын шүүхэд Израил улс дуудагдаад байгаа юм. Өмнөд Африк улс Израилын засгийн газрыг Газын зурваст Палестинчуудын эсрэг геноцид үйлдэж байна хэмээн Олон улсын шүүхэд арванхоёрдугаар сард хандсан. Уг хэргийг хэлэлцэхээр өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр олон улсын шүүх хоёр өдрийн турш нээлттэй сонсгол хийсэн байна. Шүүх нь хэргийг хэлэлцэхээсээ өмнө төлөөлөгчдөөс холбогдох аливаа баримт бичиг буюу тайлбар өгөхийг шаарддаг. Тиймээс сонсголын эхний өдөр Өмнөд Африкийг төлөөлж буй Адила Хассим тэргүүтэй хуульч нар олон улсын шүүхийн өмнө Израилын эсрэг үүсгээд буй геноцидын хэргийг нотлох баримтуудын хамт танилцуулсан юм. Ингэхдээ хохирогчдод хүндэтгэл үзүүлэх үүднээс аудио болон дүрс бичлэг ашиглахаас татгалзсан бөгөөд өнгөрсөн хугацаанд НҮБ-аас гаргасаар ирсэн статистик мэдээллүүдийг эх сурвалжаа болгосон байв. Хуульч Адила Хассим юун түрүүнд Газын зурвас дахь Палестинчууд сүүлийн жилүүдэд хүн төрөлхтний түүхэнд тохиогоогүй ширүүн бөмбөгдөлтийн хохирогч болоод байгааг онцгойлон хэлсэн юм. Мөн Израил улсын эрх баригчид Газын зурвасыг бүрэн бүсэлж, дотогш орох хоол унд, ус, эмийн хангамжийг тасалсан нь Газын зурвас дахь Палестинчуудыг өлсгөлөн болон өвчнөөр үхэх аюулд зориудаар оруулсан хэрэг гэж үзсэн байна. Өмнөд Африкаас нийт 84 хуудас бүхий үргэлжлэх бичиг баримтыг Олон улсын шүүхэд өргөн бариад байгаа бөгөөд “Палестинчуудыг үй олноор нь хоморголон устгаж буй Израил улсын үйлдлийн эсрэг хуулийн арга хэмжээ авахыг шаардаад байгаа юм. Гэхдээ олон улсын шүүхээс эцсийн шийдвэрийг гаргахад их хугацаа шаардагддаг болохыг мэргэжилтнүүд хэлж байгаа юм. Шүүх хуралдаанууд багадаа 1-2 жил ч болж магадгүй гэж зарим шинжээчид таамаглаж байна.