Өчигдөр 23,5 сая хүн амтай Тайваньд удирдагчийн болон парламентын сонгууль боллоо. Тайваньд сонгуулийн насны 19,5 сая хүн байгаа гэх мэдээлэл бий. Өчигдрийн удирдагчийн сонгуульд 15 сая гаруй иргэн саналаа өгсөн байна.
Сонгуулийн санал хураалт өглөөний 8 цагт эхэлж, өдрийн 4 цагт дууссан. Санал хураалт нийт 18 мянган байршилд болсон. Нийт саналын 40.1 хувийг эрх баригч Ардчилсан Дэвшилтэт Намын Лай Чин Тэ авч, Тайванийн ээлжит удирдагч болсон юм. Тайванийн иргэд сонгуульд идэвхтэй оролцдогоороо нэртэй бөгөөд 2016 оны парламентын сонгуулийн ирц 100 хувьтай ч гарч байсан удаатай.
Харин өмнөх 2020 оны удирдагчийн болон парламентын сонгуулийн ирц тус тус 75,1 болон 74,9 хувьтай гарч байжээ. Энэ удаагийн сонгууль нь Тайвань-Хятадын харилцаанд чухал нөлөө үзүүлэхүйц, Тайванийн ирээдүйг шийдэх сонгууль гэдгийг шинжээчид хэлж буй. Геополитикийн асуудлаас гадна Тайвань нь дотооддоо орон сууцны үнийн хөөрөгдөл, ажилгүйдэл, жил ирэх тусам ихэсч буй баян, ядуугийн зааг ялгаа зэрэг нийгэм, эдийн засгийн томоохон сорилтуудтай тулгараад байгаа юм. Тайванийн удирдагчийн бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байна, сонгуульд ялалт байгуулсан удирдагч энэ оны 5-р сард үүрэгт ажилдаа орох юм. Энэ оны 1-р сарын байдлаар НҮБ-ын гишүүн 193 орны 12 нь, мөн Гэгээн Ширээт улс Тайваньтай дидломат харилцаатай буюу Тайванийг тусгаар тогтносон улс гэж хүлээн зөвшөөрч байна.
Лай Чин Тэ гэж хэн бэ?
Эрх баригч “Ардчилсан Дэвшилтэт нам”-аас өрсөлдөж, ялалт байгуулсан Лай Чин Тэ нь Цай Инг Вэний засаглалын үед Тайванийн дэд удирдагчийн албан тушаалыг хашдаг байсан юм. Тэрбээр Тайванийн тусгаар тогтнолыг хүчтэй дэмжигч нэгэн гэдгээрээ алдартай. Товчхондоо, шинэ удирдагч Цай Инг Вэний бодлогыг үргэлжлүүлнэ гэсэн үг. Өдгөө 64 настай Лай Чин Тэ нь өөрийгөө Тайванийн тусгаар тогтнолын төлөөх зүтгэлтэн ч гэж тодорхойлж байсан удаатай. Харвардын их сургуульд эрүүл мэндийн чиглэлээр боловсорсон тэрбээр 1990-ээд оны дунд үеэс төрийн албанд ажиллаж, 2010 онд Тайнан хотын захирагчаар сонгогдсон байна. Өнгөрсөн оны 6-р сард Bloomberg-т өгсөн ярилцлагынхаа үеэр тэрбээр “Хятад, Тайвань хоёр дайсагнах шаардлагагүй. Бид Хятадыг Тайвань шиг эрх чөлөөтөй, ардчилсан байгаасай л гэж хүсэж байна” гэж байсан юм. “Тайванийн олон нийтийн санаа бодлын сан”-гаас гаргасан судалгаагаар энэ сарын эхээр Лай Чин Тэ нь өрсөлдөгч Гоминданы намын Хоу Юйгээс ердөө 1 хувиар л тэргүүлсэн үзүүлэлттэй байсан юм. Тэдний өрсөлдөөн хүчтэй байсан ч Лай Чин Тэ 7 хувийн саналаар тэргүүлжээ.
Тайванийн парламентын сонгуульд аль нэг нам олонх болж чадсангүй
Өчигдөр Тайванийн удирдагчийн сонгуулийн зэрэгцээ парламентын сонгууль мөн болсон. Өнгөрсөн 4 жилд Тайванийн Хууль тогтоох Юаньд Ардчилсан дэвшилтэт нам 61 суудалтайгаар олонх байсан. Харин сөрөг хүчний Гоминдан нам болон Тайванийн иргэний нам тус бүр 38 болон 5 суудалтгайгаар сөрөг хүчний үүргийг гүйцэтгэж байсан. Парламентын сонгуульд аль нэг нам олонх болж чадсангүй. Тодруулбал, парламентын нийт 113 суудлын 57-г авч байж тухайн нам олонх болдог. Харин Ардчилсан дэвшилтэт нам 10 суудлаа алдсан бол Гоминдан нам 14, Иргэний нам 3 суудалтай болжээ. Хэдий Ардчилсан дэвшилтэт намаас нэр дэвшсэн Лай Чин Тэ удирдагч болсон ч хууль тогтоох Юаньд нам нь олонх болж чадаагүй тул цаашдын бодлого, шийдвэрүүд нь парламентаасаа дэмжлэг авч чадахгүй нөхцөл байдал үүснэ гэж шинжээчид дүгнэж байна. Хууль тогтоох Юань нь хууль тогтоомжийг батлах, бодлогын асуудлаар сонсгол явуулах, төсвийн хуулийн төсөл, Засгийн газрын үйл ажиллагааг хянах үүрэгтэй. 113 суудлын 73 нь мажоритар системээр сонгогдох бол үлдсэн 34 нь пропорционал буюу хувь тэнцүүлэх системээр сонгогдсон. Хууль тогтоох Юанийн шинэ гишүүд 2-р сарын 1-ээс эхлэн албан тушаалдаа томилогдоно. Ийнхүү Тайванийн хууль тогтоогчид ирэх жилүүдэд нийгэм, эдийн засаг, улс төр, аюулгүй байдлын хувьд хүндхэн сорилтуудтай тулгарна гэж шинжээч, ажиглагчид дүгнэж байна. 2023 онд Тайваний эдийн засаг урьдчилсан тооцооллоор ердөө 1,4 хувийн өсөлт харуулсан байх төлөвтэй байгаа.