Гашуун яриа нэвтрүүлэгт We brand-ийг үүсгэн байгуулагч Г.Дэлгэрсайхан оролцлоо. Түүний ярилцлагаас үзэгч танд хүргэе.
“…Хэдийгээр хүчтэй байхыг хичээдэг ч цаанаасаа болохгүй байх үе өчнөөн бий. Би заавал хүчтэй байх ёстой. Уйлвал миний хүүхэд өвдөж магадгүй гэж өөрийгөө хүчлээд тэнцвэртэй байлгахыг хичээдэг боловч, заримдаа маш их ядарч, шантарсан байдаг. Заримдаа тэрийгээ ч мэдэхгүй ганцаараа үхтлээ уйлсан өдрүүд хэдэн зуугаар тогтохгүй. Өдөр болгон гэхэд хилсдэхгүй шүү дээ…
Манай аавыг Гончиг гэдэг. Би Хөвсгөл аймгаас гаралтай. Хөвсгөл аймгийн уугуул, Улаанбаатар хотын суугуул. Хоёр нэртэй хоёр нэрээ танилцуулъя гэж бодож байна. Миний албан ёсны нэр бол Г.Нэргүй. Эцэг эхийн хайрласан нэр бол Г.Дэлгэрсайхан.
"WE Brand” гэх монголын үндэсний үйлдвэрлэгч байгууллагатай. Би өөрөө дөрвөн хүүхэдтэй. Гурав нь хүү, нэг нь охин. Хамгийн бага хүү минь хүнд өвдсөн юм. Хүн эхлээд байгаа юмаа зарах гэж үзнэ шүү дээ. Арван жил хөдөлмөрлөсний минь үр дүн "WE brand” минь байсан. Хүүгээ эмчлүүлэхийн тулд надад цаг хугацаа хамгийн чухал үнэ цэнтэй байгаа шүү дээ. Цаг хугацаа биднийг хэзээ ч хүлээхгүй юм чинь гээд брэндээ зарах гэж үзсэн. Зарагдахгүй байсан болохоор хандивын аян гэдэг зүйлийг эхлүүлээд одоо 5,6 хоног болж байна.
Одоо манай хүүхдийн биеийн байдал хүнд байна. Олон шинж тэмдэг, зовиурууд байна л даа. Хамгийн хүнд нь манай хүүхэд харахгүй байгаа. Ой таван сартай юм. Энэ насны хүүхэд чинь өдийд ярьж, гишгэж, гүйж хүүхдийн хийж болох бүх л үйлдлүүдийг гаргадаг болсон байгаа. Манай хүүхэд бол одоо харахгүй, ярихгүй ерөнхий дөө хэвтрийн байдалтай байгаа.
Хүү минь өвдөөд яг нэг жилийн хугацаа болж байна. Би өөрөө айлын бага охин юм. Ер нь бол эрх танхил өссөн хүүхэд. Өөрөөсөө төсөөлөмгүй хүч гаргажээ гэж боддог. Хэзээ ч надаас ийм хүч гарна гэж төсөөлж байгаагүй. Хүмүүс яах вэ. Хараад хэлээд л байгаа л даа. Чи ямар аймар сэтгэлийн хаттай юм бэ. Бүр жилийн хугацаанд хүүхэд чинь өвдсөн байгааг мэдээгүй л байсан даа гээд. Хүү маань өвдөөд байгаа гэсэн боловч, миний амнаас хүүхэд минь юм харахгүй байгаа гэдэг үг хэзээ ч гарч чадахгүй байсан юм. Ерөөсөө гардаггүй. Зүгээр өвдөөд байгаа л гэж хэлдэг.
Яагаад гэдэг үгийг жинхэнээсээ жилийн хугацаанд өөрөөсөө магадгүй 10 мянган удаа асуусан байх л даа. Яагаад ингэчих вэ. Би хүүхдээ эрүүл тээгээгүй юм болов уу гээд, хүн эхлээд өөрөөсөө өөг хайдаг юм билээ. Эхний ээлжид бусдаас биш, ерөөсөө гаднаас биш өөрөөсөө л хайдаг юм билээ. Би хүүхдээ тээж байхдаа ядарсан байх аа. Би ингээд хэт их ажилсан болохоор миний хүүхэд эрүүл биш төрчихлөө гэж бүр хэдэн мянган удаа өөрийгөө буруутгана.
Манай ээж одоо настай хүн байдаг. Яг манай дөрвөн хүүхдийг харж өсгөсөн болохоор ээждээ би ерөөсөө уйлснаа харуулж болохгүй шүү дээ. Ээж минь миний бага хүүг хараад, энэ хүүхдийг би хүн болговол миний амьдралын зорилго ер нь болоод дууслаа гэж ярьдаг хүн. Ээж маань миний хүүг хараад надад ямар хэцүү байгааг бодож л байгаа. Гэтэл би ээжийнхээ нүдэн дээр уйлвал яах юм бэ. Намайг харж эмзэглэнэ. Хүүг маань харж эмзэглэнэ. Тийм болохоор аль болох ээждээ уйлснаа ерөөсөө харуулдаггүй. Миний хүүхэд амьд байгаа. Надад тэврүүлээд өдөр болгон ээждээ тэврүүлээд,үнсүүлээд байгаа нь аз жаргалыг мэдэрч байгаа зүйл юм. Миний хүүхдэд тохирсон хагалгаа гарч ирээд ямар ч л байсан үздэг, хардаг, гүйдэг болно. Тэрийг төсөөлж боддог болохоор яах вэ. Арай нэг амьсгал авахад сайхан үеүд гарж ирнэ л дээ.
Хоёр нүдээ бараг ухаад өгчих юм сан гэдэг бодол хүнд төрдөг юм. Түүн шиг л хүүхэд маань өвдөж байхаар би өвдчихгүй дээ гэдэг бодол хэдэн мянган удаа орж ирнэ. Хүүхэд өвдөхөөс өмнөх надад тулгарч байсан бэрхшээл асуудлыг ямар хэцүү юм бэ. Амьдрал ямар хэцүү юм бэ гээд их боддог байж. Ёстой яахаараа надад хамаг зовлонг авч ирээд үүрүүлээд толгой дээр авч ирээд овоолчихдог юм бэ гээд л. Гэтэл одоо, хүү маань өвдсөнөөс хойш тэр өмнөх бодлуудыг “ээ чааваасаа” гэж боддог болсон. Тэр чинь ерөөсөө л шантрах асуудал биш байсан юм байна. Бэрхшээл биш байсан юм байна гээд боддог болсон.
Яг сүүлийн хэд хоног үүнийг мэдэрч байна. Өмнө нь ажил ажил, амьдрал амьдрал гээд яваад байсан. Эргэн тойронд маань гоё сайхан хүмүүс байна уу, муу хүмүүс байна уу гээд харахгүйгээр бараг нэг жимээрээ л бид нар өдөрт явдаг шүү дээ. Хандивын аян эхлүүлээд 6 хонож байна. Ийм сайн хүмүүс ийм их байдаг юм уу гэж цаг тутамд баярлаад байгаа. Бүр зарим хүмүүс тэтгэврийн зээл аваад явуулах уу гэж байна. Хүүхдийнхээ хадгаламжийг барьцаалаад мөнгө өглөө гэж байна. Манай нөхөр лүү залгаад эмээ нь интернэт банк гэж мэдэхгүй. Эмээ нь одоо банк руу очоод хэдэн төгрөг хийх гэсэн юм аа гэж байна. Та хэд ойрхон явж байвал бэлэн мөнгө байна ирээд аваач эсвэл наад дансны дугаар чинь яг зөв юм уу гээд л. Дансны дугаараа дахиад хэлээд өгөөч эмээ нь одоо банк ороод хийгээд өгье гэнэ. Маш их сэтгэл байгаа юм. Ямар гоё юм бэ. Сайхан сэтгэлтэй хүмүүс ямар их байдаг юм бэ. Үүнийг бас харахгүй хаагуур нь явж байсан юм бэ гэж бодсон бодлууд өдөр тутамдаа л тохиолдож байна.Манай монгол хүмүүс үнэхээр сайхан сэтгэлтэй юм байна…”