Энэ бямба гарагт Тайванийн ерөнхийлөгчийн сонгууль болно. Тайванийн 23.5 сая хүн өөрсдийнхөө ирээдүйг шийдэх чухал сонголт хийх юм. Тайванийн залуу сонгогчид юу харгалзан сонгуулиа өгөх гэж байгаа талаарх мэдээллийг CNN тэргүүтэй барууны хэвлэлүүд онцолж эхэллээ.
Тайванийн залуу сонгогчид эрх баригч “Ардчилсан Дэвшилтэт нам”-ыг сонгох хандлагатай байдгийг өмнөх ерөнхийлөгчийн сонгууль хийгээд улс төрийн санал асуулгууд харуулдаг. Тайванийн одоогийн ерөнхийлөгч Цай Инг Вэн найман жилийн өмнө сонгогдохдоо Хятадын эрх баригчдын сануулга, анхааруулгатай багагүй тулгарсан.
Учир нь “Ардчилсан Дэвшилтэт” нам нь Тайванийн тусгаар тогтнолыг тууштай дэмжигч, АНУ-тай харилцаа холбоогоо идэвхтэй байлгахыг, холбоотны түвшинд барихыг эрмэлздэг. Гэвч энэ удаагийн урьдчилсан санал асуулгуудын үр дүн залуу сонгогчдын хандлага өөрчлөгдөж буйг харуулж байна. Тодруулбал, энэ удаагийн сонгуульд тэд эн тэнцүүхэн өрсөлдөж буй “Ардчилсан Дэвшилтэт” намын Лай Чин Тэ, эсвэл Гоминдан намын Хоу Юй бус Тайванийн Ардын намын Кэ Вэнжэг сонгох хандлага илүү байгаа аж.
Кэ Вэнжэ энэ намыг таван жилийн өмнө үүсгэн байгуулсан. Тэрбээр өөрийгөө энэ удаагийн сонгуулийн “хамгийн прагматик сонголт” гэж тодорхойлоод буй. Бусад хоёр нэр дэвшигчийн тухайд, Лай Чин Тэ нь одоогийн ерөнхийлөгч Цай Инг Вэний бодлогыг дагаж, Хятад, Тайвань тусдаа гэх үзэл баримтлалыг баримталж байгаа. Харин Гоминдан намын Хоу Юй нь энэ удаагийн сонгуулийг “дайн ба энхийн” сонголт гэж нэрлээд амжсан. Тодруулбал, өөрийг нь дэмжсэн тохиолдолд Хятадтай дайтах эрсдлийг сулруулна гэж үзэж байгаа юм. Харин Кэ Вэнжэгийн хувьд Хятадтай тогтмол яриа хэлэлцээ хийж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлнэ гэсэн. Гэвч тэрбээр энэ амлалтдаа яаж хүрэх талаар тодорхой арга зам яриагүй юм. CNN агентлаг 20-30 насны хэд хэдэн Тайвань хүмүүсээс ярилцлага авсан ба тэдний дийлэнх нь эрх баригч болон Гоминдан намыг “хийсвэр” зүйл ярьж байгаа гэж тодорхойлжээ. Учир нь залуу сонгогчид энэ сонгуулийн гол үрр дагавар нь Хятадтай холбоогүй гэж үзэж байна.