Бид утаагаар биш ядуурлаар амьсгалж байгаа. Ядуурлаас ангижрах хамгийн төгс шийдэл нь сайн боловсрол гэдгийг харуулсан “Баавгай болохсон” УСК-ны найруулагч, зохиолч П.Золжаргалтай ярилцлаа. Түүний хувьд 2008 онд Япон улсын “Обирин” хувийн их сургуулийн кино найруулагчийн ангид суралцах 100 мянган ам.долларын тэтгэлэгт тэнцэж, амжилттай төгссөн. Чанартай, сайн боловсролын үр шимийг хүртэж, сайхан амьдарч байгаа учраас бусдадаа ч "Ийм боломж байдаг шүү. Бүгдээрээ боловсролтой болчихвол ядуурлаас гарч, хамтдаа аз жаргалтай амьдрах боломжтой" гэдгийг энэхүү киногоор дамжуулан харуулахыг зорьсон тухайгаа хуваалцлаа.
Тэрээр ““Баавгай болохсон” кино миний хувийн эмзэглэлээс төрсөн. 2016-2017 оны өвөл Улаанбаатар хотод агаарын бохирдлын эсрэг жагсаал болсон. Мөн “Утааны эсрэг аав, ээжүүдийн групп” гэж байгуулагдаад, маш олон хүн тэнд орсон. Тэнд байгаа хүмүүс гэр хороололд байгаа иргэд рүү хандсан хандлага нь нэгнээ ойлгодоггүй юм шиг санагдсан. Тэр группүүдэд “Оркууд бидний хордуулж байна. Хөдөө рүүгээ зайлцгаа” гэсэн чичилсэн хандлага байсан нь гэр хороололд өссөн хүний хувьд маш гомдмоор санагдсан. Ингээд би уран бүтээлч хүнийхээ хувьд би юу хийж чадах вэ гэхээр нэгнээ ойлгохоо болиод, хоёр тийш хараад суусан хотынхоо иргэдэд нэгийнх нь амьдралыг нөгөөд нь ойлгуулж чадах кино хийж чадна гэж бодсон.
15 настай, хичээл хийх дуртай, физикийн хичээлд сонирхолтой ч ядууралд өртсөн, эмзэг бүлгийн айлд амьдардаг хүүгийн түүхээр “Хэн ч хотынхоо нөгөө талыг хордуулах гэж янз бүрийн зүйл түлдэггүй. Бидний амьсгалж байгаа зүйл утаа биш, ах дүүсийн маань өвлийг давж ядаж байгаа ганц арга нь юм. Энэ бол ядуурал”. Бид ядуурлаар амьсгалж байна гэдгийг ойлгуулахыг хүссэн. Бид хоёр тийш хараад, муудалцаад суучихвал энэ асуудлаа хэзээ ч шийдэж чадахгүй учраас киногоор дамжуулж хотоо эвлэрүүлэхийг хүссэн. Асуудал нь ядуурал шүү гэдгийг олж хараад, шийдлийг нь бас дэвшүүлсэн. Ядуурлаас хүнийг хамгийн үр дүнтэй гаргадаг зүйл юу вэ гэвэл чанартай сайн боловсрол гэдгийг энэ киногоор дамжуулан ойлгуулахыг хүссэн.
САЙН БОЛОВСРОЛЫН ҮР ШИМИЙГ ХҮРТЭЖ, САЙХАН АМЬДАРЧ БАЙНА
Би өөрөө сайн боловсролын үр шимийг олж хүртсэн. Түүнийхээ үр шимээр сайхан амьдарч байгаа хүн. Би Зүүнсалаад өссөн. Яг гол дүрийн хүү шиг физикийн хичээлд дуртай. Гэхдээ кино үзэх асар дуртай охин байсан. Физикийн хичээлээр алтан медаль авахыг хүсдэг боловч дандаа тав, долоо зэрэг сонин байранд ордог.
Би нэг удаа зүгээр л нийслэлийн физикийн олимпиадад ороод, сууж байсан. Тэр олимпиаддаа долоодугаар байранд орсон. Тэр олимпиадын үеэр жижигхэн цаасан дээр Шинэ Монгол сургуулийн зар ирсэн. Тэнд “Улсын олимпиадаас алт аван хүүхдийг 100 хувь тэтгэлэгтэй сургана” гэж бичсэн байсан. Нөгөө долоодугаар байранд орсон хүн “Хэн алт авсан юм бол” гээд харахад нөгөө Шинэ Монгол сургуулийн хүүхэд алт авсан байсан. Тухайн үед “Би ч гэсэн сайн сургуульд орж, хамгийн сайн багшаар заалгаж, алт авмаар байна” гэж бодсон. Ингээд ээжийнхээ миний их сургуулийн төлбөрт хадгалж байсан мөнгийг “Та хувийн ахлах сургуульд оруулаад өг. Би төгсөх жилээ өөрөө тэтгэлэг олно оо” гээд ээжийгээ ятгасаар сайн хувийн сургуульд шилжиж орсон. Тэр сургуульд маань драмын дугуйлан гэж байгаад миний дотроо нууж, дарж явсан урлагт хайртай хүслийг минь бадрааж, физик биш би урлагийн хүн болох юм байна гэдэг шийдвэрт хүргэсэн.
Ингээд би Шинэ Монгол сургууль төгсөх жилээ Японд кино найруулагчаар сурах 100 хувийн 100 мянган ам.долларын тэтгэлэг авсан. Японд очиж, кино найруулагчаар суралцаж, төгссөн. Хоёр гадаад хэлээр чөлөөтэй харилцдаг. Гайхалтай сайхан боловсролыг олж, амьдралаа гэрэл гэгээ рүү хөтлөх боломжтой болсон.
“БААВГАЙ БОЛОХСОН” КИНО АСУУДАЛД ЯРЬЖ ГОМДОЛЛОХГҮЙ, ШИЙДЭЛ ХЭЛЖ, ИТГЭЛ ТӨРҮҮЛЭХ БҮТЭЭЛ
Сайн боловсролын ид шидийг биеэрээ мэдэрсэн учраас эргээд Зүүнсалааныхаа гудамжны хүүхдүүдийг харахад тэдэнд тохиохгүй байгаа ид шид байгаад, тэдний маань хүүхдүүдэд ч гэсэн сайн боловсрол олгох боломж хангалттай сайн байхгүй байгаад би өөрөө эмзэглэсэн учраас “Баавгай болохсон” киног хийсэн.
Бүх нийтээрээ хүүхдийнхээ сайн боловсролд анхаараад өгөөч. Боловсрол гэдэг математик, физикээс гадна санхүүгийн боловсрол, бэлгийн боловсрол, зүрх сэтгэлийн боловсрол гээд зөндөө олон хэлбэртэй гэдгийг анзаараад өгөөч гэж энэ киног хийсэн.
Миний бодлоор үзэгчид “Баавгай болохсон” киног үзэж гарч ирээд эргэн тойронд нь сайн боловсрол хүрч чадахгүй хүүхэд байгаа бол “Тэр хүүхдийн төлөө би юу хийж чадах билээ” гэж бодоосой. Хувцас хунар, чихэр жимс гэхээс илүү сайн боловсрол олоход нь тус, дэм болох хэрэгтэйг мэдрээсэй гэж хүсэж байна.
Нөгөөтэйгөөр амьдралын нөхцөл байдал нь хүнд, дундаас гарч ирэх гэж хичээж байгаа өсвөр насны хүүхдүүд үзээсэй гэж хүсэж байна. Чи ганцаархнаа биш гэдгийг мэдрээсэй. Хичээвэл хүрнэ. Тэр итгэлээ битгий алдаарай. Бүх зүйлээ зориулж зүтгэх ёстой зүйл чинь боловсрол юм шүү гэдгийг киноны минь дараа багахан ч болов анзаараасай. Соён гэгээрүүлэх, ухамсарлуулах бус зүгээр л үүнийг мэдрээсэй, анзаараасай гэж л хүсэж байна” гэсэн юм.
"Баавгай болохсон" УСК 2023 оны Каннын Олон улсын кино наадмын "Un Certain Regard" төрөлд шалгарч, дэлхийн хэмжээний олон шагнал хүртээд буй. Хамгийн сүүлд 47 дахь удаагийн Сан-Паулугийн олон улсын кино наадмаас "Шүүгчдийн нэрэмжит" шагнал хүртжээ. Монголын төдийгүй олон улсын үзэгчдийн анхаарлыг татаад буй тус бүтээл энэ сарын 12-нд эх орондоо нээлтээ хийж, үзэгчдийн хүртээл болох аж.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.