“Фантастик” продакшны жүжигчин М.Баярбат Вьетнамд хуримаа хийсэнтэй холбоотой хоёр орны бараа бүтээгдэхүүн, үзвэр үйлчилгээний үнийн талаарх жишсэн баримтууд нийгмийн сүлжээнд дэлгэгдээд багагүй хугацааг өнгөрөөв. Тухайлбал, иргэд Тэрэлжид хоёр том хүн ес хонох мөнгөөр Вьетнам Phu Quoc арал дээр хоёр том хүн ес хононо. Үүнд онгоцны тийзийн үнэ багтсан байгаа зэрэг үнийн мэдээлэл, үйлчилгээний чанарыг хөндсөн юм. Тэгвэл хоёр орны зах зээл, үзвэр үйлчилгээний үнэ, чанар өөр байгаа нь эдийн засаг, ажиллах хүч, үйлдвэрлэгч орон мөн эсэхтэй шууд холбогдоно. Нэг үгээр хэлбэл, Вьетнам нь ажиллах хүч их, дэлхийн брэндүүдийг үйлдвэрлэдэг гэх утгаараа манай улсаас эдийн засгийн хувьд хэт давуу байдалтай юм. Харин жуулчдын "хөл тасардаггүй" Вьетнамаас жуулчдаа хэрхэн татдаг болох аялал жуулчлалын орлогоосоо ДНБ-ий хэдэн хувийг бүрдүүлдэг нь тус салбарт сүүлийн үед голлон анхаарал хандуулаад буй манай улсад хэрэгтэй юм.
МОНГОЛ, ВЬЕТНАМЫГ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРААР ХАРЬЦУУЛАХУЙ
Аялал жуулчлалын салбарт улирал, жуулчдыг татах давуу байдал (онгон дагшин байгаль, үзвэр үйлчилгээ) шууд хамааралтай. Тэгвэл Вьетнамын хувьд том, жижиг 1000 шахам арлаас бүрдэх тус улсын нийт нутгийн 40 хувийг өндөр уулс, үлдсэн хэсгийг халуун орны ой шугуй эзэлдэг байна. Энэхүү байгалийн өвөрмөц төрхөөр жуулчдыг татдаг бол цаг агаарын хувьд аялахад нэн тохиромжтой таваас аравдугаар сар хүртэл борооны улирал үргэлжилдэг тул хамгийн их жуулчид ирдэг ажээ. Иймээс ил байгаа мэдээллээс авч үзвэл цар тахлаас өмнө жилдээ 18 сая гаруй жуулчин хүлээн авч, зөвхөн аялал жуулчлалын орлогоосоо ДНБ-ийхээ дөрөв орчим хувийг бүрдүүлдэг байна. Харин Монгол Улсын хувьд авч үзвэл, цар тахлаас өмнө жуулчдын өмнө харьцангуй өсөх чиг хандлагатай байсан бол 2020 онд тус салбар 1.2 их наяд төгрөгийн алдагдал хүлээсэн байна. Харин 2023 оныг Монголд зочлох жил болгон зарлаж нэг сая жуулчин хүлээн авч, салбарын орлогыг 1,2 тэрбум ам.доллар буюу 4,2 их наяд төгрөгт хүргэх зорилт тавьж ажилласан юм. Харин 2023 он гарсаар есдүгээр сарын 23-ны өдрийн байдлаар 480.255 жуулчин ирсэн байна. Ирж буй жуулчдын 37633 хувийг ОХУ, 22.55 хувийг БНХАУ, 16.87 хувийг БНСУ-ын жуулчид эзэлжээ.
МОНГОЛЫН ҮЗВЭР, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАР МУУ ГЭВЧ ӨНДӨР ҮНЭТЭЙ
Манай улсад аялж буй жуулчдын хувьд хамгийн гол тулгамддаг асуудал нь үйлчилгээний чанар муу атал үнэ тариф өндөр байдаг орно. Энэ нөхцөл байдал нь жуулчид өвөл, зуны улиралд ирдэгтэй холбоотой. Бүтэн хоёр улирал үйл ажиллагаа нь зогсонги байдалтай байдаг гэж хэлж болох жуулчдын баазууд өвөл зуны улиралд ашиг олохыг эрмэлздэг юм.
МУИС-ийн Бизнесийн сургуулийн Бизнес консалтинг төвийн захирал Ө.Гэрэлт-Од "Нэг талаас харвал жилийн циклээр жуулчны баазын хэвийн үйл ажиллагааг хангах, аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг эргэлтэд оруулж чадахгүй байна. Үүнээс болж үйлчилгээний чанар алдагдаж, үнэ тарифын хувьд өндөр дүнтэй байгаа юм. Нөгөө талаас аялал жуулчлалын байгууллагуудад стандартыг мөрдүүлж хэвших хэрэгтэй байна. Үнийн хувьд хэрхэн буулгах вэ гэвэл, жуулчдын бааз олон болсон тохиолдол зах зээлийн зарчмаараа буурах боломжтой" гэв.
Монголд аялал жуулчлалын салбар хөгжихөд дээрх хоёр асуудал тулгамдаад буй. Хэрэв бизнесийн байгууллагууд олноор нэмэгдэж богино хугацааны ашиг гэхээсээ илүүтэй, урт хугацаанд тогтвортой ажиллаж чадвал үнэ буурна. Үүнээс гадна жуулчдыг татах үзвэр үйлчилгээ үгүйлэгдэж байна. Харах, үзэх юм нь байгаль, ан амьтнаар хязгаарлагдахгүй, илүү өргөн цар хүрээтэй томоохон бүтээн байгуулалт хийх хэрэгтэй байгаа юм.