Ус цаг уур орчны шинжилгээний газрын баруун гар талд баригдаж буй барилга нь 2022-2023 он буюу хоёр жилийн хугацаанд ус шавхсан атал гуравхан сарын хугацаанд ус шавхсан хэмээн гэрээ хийсэн талаар Усны газраас мэдээл өгсөн юм. Уг барилгыг барихын тулд 5.7 сая м.куб ус зайлуулсан бөгөөд энэ нь Монгол Улсын дөрвөн хоногийн хэрэглээний устай тэнцэхүйц хэмжээний ус юм. Иймд усны нөөцөд хохирол учруулсан аргачлалаар тооцож 146 тэрбум төгрөгийг Усны газраас Рийвер стөүн пропертис компанид нэхэмжлээд байгаа юм. Тус компани нь Хурд пропертис компанийн туслан гүйцэтгэгч бөгөөд Усны газраас зөвшөөрөл аваагүй мөн ямар хугацаанд хэр их ус зайлуулсанаа холбогдох газраас нууж байсан нь ил болсон юм.
Усны газрын дарга З.Батбаяр "Ус цаг уур орчны шинжилгээний газрын уулзвар орчимд, хуучин Худалдаа хөгжлийн банк байсан барилгыг нураагаад шинээр барилга барьж байгаа компани хөрсний усыг шавхан зайлуулж байна. Тухайн барилгын компани 2022-2023 онд хөрсний усыг бүтэн шавхан ажиллаж байгаа ч нэг ч удаа усны төлбөр төлөөгүй, тавьсан шаардлагад хариу ирүүлээгүй.
Энэ компани нийт долоон насосоор ус зайлуулж байгаа гэсэн. Гэтэл биднийг очиход 22 насосоор ус зайлуулсан байсан. 22 насос секундэд 4 литр ус шавхана. Хоёр жил, 720 гаруй хоногийн хугацаанд тасралтгүй ажилласан гэж үзвэл 5.7 сая метр куб усыг энэ байгууллага зайлуулсан байна. Хүүхдээ шүдээ угаахдаа усаа хэмнэ, машин угаалгын газрыг бохир ус ашигла гээд загнаад байхад нэг компани 20 давхар байшин барихын тулд Монгол Улсын хэмжээнд 3-4 хоног хэрэглэх усыг ашиглаад байж болохгүй" гэсэн юм.
УСНЫ НӨӨЦӨД ХОХИРОЛ УЧИРСАН Ч БУРУУТАН АЛГА
Өмнө дурьдсанчилан уг компани нь ус зайлуулахдаа Усны газраас зөвшөөрөл аваагүй мөн ямар хугацаанд хэр их ус зайлуулсанаа холбогдох газраас нууж байсан нь ил болсон юм. Тэгвэл энэ асуудлаар компанийн инженерүүдээс асуухад мэдэхгүй, мэдээлэл өгөх боломжгүй гэх тайлбар өгч байна.
Рийвер стөүн пропертис компанийн инженер 1: Хэн намайг мэдээлэл өг гэснийг би мэдэж байж мэдээлэл өгөхгүй бол надад хариуцлага тооцно. Тийм болохоор яг хэн гэдэг хүнээс миний дугаарыг авснаа хэлчих. Тэр нь миний удирдах түвшний хүн байна уу, үгүй юу гэдгээс шалтгаалж ярилцлага өгнө.
Удирдлагаасаа асууж байгаад тодорхой мэдээлэл өгөх боломжтой юу, үгүй юу гэдгийг мэдэж байгаад буцаагаад холбогдъё.
Рийвер стөүн пропертис компанийн инженер 2: Тэр асуудлаар ерөнхий гүйцэтгэгчтэй ярьсан нь дээр байх. Бид нар ус шавхсан асуудалд хамааралгүй. Бидний хувьд наад ажлыг чинь хоёр жилийн турш хийгээгүй. Ороод жил ч болоогүй байгаа. Тэгэхээр ерөнхий гүйцэтгэгчтэй холбогдсон нь дээр байх.
Рийвер стөүн пропертис компанийн инженерүүд ус шавхсан асуудлыг өөрөөсөө холдуулж байна. Тэгвэл тус барилгыг барихын тулд хоёр жилийн турш ус шавхсан нь хэний буруу вэ. Хэний буруутай үйлдлээс болж Монгол Улсын дөрвөн хоног хэрэглэх устай дүйцэхүйц хэмжээний усыг үгүй болоод байна. Энгийнээр бодвол тус барилгыг барьж байгаа Рийвер стөүн пропертис компани нь Хурд пропертис компанийн туслан гүйцэтгэгч юм. Өөрөөр хэлбэл Хурд пропертис компанийн шийдвэрээр Рийвер стөүн пропертис компани үйл ажиллагаа явуулж байгаа гэсэн үг. Тэгвэл Хурд пропертис компанийн эзэн нь Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн ажээ. Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн та усны нөөцөд хохирол учруулсан асуудлаа хэрхэн шийдэх гэж байна. Усны газраас нэхэмжилсэн 146 тэрбум төгрөгийг хэзээ төлөх үү гэх асуултыг таньд үлдээе.