Кино урлагийн салбарын шилдгүүдийг тодруулдаг “Алтан бөмбөрцөг” наадмаар “Барби”, “Оппенхаймер” тэргүүтэй бүтээлүүд хамгийн олон номинацид нэр дэвшлээ. Мөн хэд хэдэн шинэ номинаци орж ирснээрээ онцлог жил болж байгаа юм.
Өнгөрсөн зуны хит “Барбенхаймер”-аас гадна A24 продакшны “Past Lives”, алдарт найруулагч Мартин Скоресийн “Killers of the Flower Moon” тэргүүтэй бүтээлүүд энэ жилийн наадамд хүчтэй өрсөлдөж байна. 81 дэх удаагийн алтан бөмбөрцгийн наадмын телевизийн бүтээлд HBO-гийн “Succession”, “Last of us” зэрэг бүтээлүүд нэр дэвшсэн тоогоороо мөн тэргүүлж байгаа юм. Алтан бөмбөрцгийн эзэд яг одоо тодорсоор байгаа ба дөнгөж саяхан найруулагч Кристофер Нолан алдарт цөмийн физикчийн талаарх намтарчилсан бүтээл болох “Оппенхаймер” киногоороо шилдэг найруулагчийн шагналыг хүртлээ. Тус бүтээл нь хамгийн их орлого олсон намтарчилсан бүтээл болж, рекорд тогтоосон билээ.
Энэ жилийн наадмын заавал онцлох нэг зүйл бол Америк зохиолчдын түүхэн ажил хаялт. Өнгөрсөн оны хавраас эхлэн “Америкийн зохиолчдын эвлэл” санаачилж, Холлиудын зохиолчид нийт 148 өдөр ажил хаялт зарласан. Ингэснээр 1988 оны 154 өдрийн ажил хаялтын рекордыг эвдэхэд тун ойр болсон юм. Зохиолчид жилээс жилд зах зээлд тэлж буй стриминг үйлчилгээний компаниудыг шударга байхыг, өөрсдийнх нь ажлыг үнэлхийг шаардаж ийн арга хэмжээ авсан. Улмаар Холлиудын жүжигчид ч 2 сар гаруйн хугацаанд ажил хаяханд нөлөөлсөн. Тиймээс Алтан бөмбөрцгийн наадмын нээлтийн үеэр зочин хөтлөгч, уран бүтээлчид өөрсдйинхөө салбарт тулгамдсан асуудлыг нээлттэй илэрхийлж байлаа.