Хоёр хоногийн өмнө Ираны Керман хотод генерал Касем Солейманигийн дурсгалд хүндэтгэл үзүүлэх ёслолын үеэр хоорондоо 20 минутын зайтай хоёр удаагийн дэлбэрэлт болсон. Тэгвэл уг дэлбэрэлтийг ISIS буюу “Исламын улс” террорист бүлэглэл зохион байгуулсан гэдгээ хүлээн зөвшөөрөөд байна.
Тодруулбал, хүндэтгэлийн ёслолд оролцохоор ирсэн хүмүүсийн дунд “Исламын улс” террорист бүлэглэлийн амиа золиослогчид байсан аж. Энэ талаар өчигдөр тус бүлэглэлийн хэвлэлийн албанаас мэдэгдэл хийсэн юм. Мэдэгдэлд дурдсанаар бүлэглэлийн халдлага нь буруу номтонуудыг онилж байсан гэлээ.
Өмнө нь “Исламын улс” террорист бүлэглэл нь энэ шалтгаанаар Иран руу хэд хэдэн удаа халдлага хийж байсан удаатай. Дэлбэрэлтийн улмаас 100 гаруй хүний амь үрэгдэж, 280 гаруй хүн гэмтэж бэртсэн гэх мэдээлэл байгаа.
Ираны төрийн хэвлэлээс мэдээлж буйгаар 1979 оны хувьсгалаас хойш ийм олон хүний аминд хүрсэн халдлага Иранд тохиож байгаагүй гэлээ. Халдлагыг хаанаас хэн зохион байгуулсан нь өчигдөрийг хүртэл тодорхойгүй байсан бөгөөд тус хугацаанд Ираны эрх баригчид халдлагад Израил улсыг сэрдэж байсан юм. Тухайлбал, Ираны ерөнхийлөгч Эбрахам Райси “Израилчуудыг хийсэн үйлдэлд нь хариуцлага хүлээлгэнэ” хэмээн дэлбэрэлт болсоны дараахан мэдэгдэл хийгээд амжсан байдаг. Харин Ираны дэд ерөнхийлөгч Мохаммад Мохбер хэвлэлд мэдээлэл өгөх үедээ “Касем Солейманид хүндэтгэл үзүүлэх ёслолд саад хийж, олон арван гэмгүй хүний аминд хүрсэнийх нь хариуг Ираны зэвсэгт хүчин заавал барина” гэсэн юм.