Өнгөрсөн долоо хоногийн ням гарагт Йемений Хутичуудын зэвсэгт бүлэглэлийн 10 байлдагчийг Улаан тэнгисийн аюулгүй байдлыг сахиж байсан АНУ-ын зэвсэгт хүчнийхэн устгажээ. Улмаар Иемэн дэх Хутичуудын зэвсэгт бүлэглэлийн өндөр албан тушаалтан Сафар-Ал Суфи хэвлэлийн бага хурал хийлээ.
Тэрбээр “Нөхцөл байдлыг зүгээр хараад суухгүй” хэмээж, АНУ-д зохих хариуг нь барина” хэмээжээ. Энэ нь Газын зурвас дахь дайн Улаан тэнгис рүү хальж, цар хүрээ нь өсөх аюулыг үүсгэж байгаа юм. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас хойш Хутичууд “Израилчуудад хөнөөгдөж буй палестинчуудын өшөөг авна” хэмээн Улаан тэнгисээр Израилыг чиглэн явж буй хөлөг онгоцнууд руу дайрч, заримыг нь барьцаалахыг оролдож байгаа юм. Улмаар Улаан тэнгис болон Адены булангийн бүс нутгийн аюулгүй байдлыг хангах олон улсын зэвсэгт хүчний хамтын ажиллагаа АНУ-ын санаачилгатайгаар арванхоёрдугаар сарын 19-нд эхэлсэн. Учир нь Улаан тэнгисийн аюулгүй байдлыг сахих нь Ази болон Европын худалдаанд чухал ач холбогдолтой юм.
Харин өнгөрсөн ням гарагт болсон ослын тухайд Maersk гэх тээврийн компанийн Улаан тэнгист зорчиж байсан хөлөг онгоц руу Хутичуудын зэвсэгт бүлэглэл дайрсан байгаа юм. Maersk компанийн арилжааны хөлөг онгоц болон өөрсдийгөө хамгаалахын тулд АНУ-ын цэргүүд Хутичууд руу гал нээхээс өөр аргагүй байсан гэх тайлбарыг АНУ-ын тэнгисийн хүчнээс өгсөн. Ингэж гал нээхэд Хутичуудын явж байсан гурван завь сүйдэж, дээр нь байсан байлдагч нар бүгд амь насаа алдсан аж. Улмаар Ойрх Дорнодын мөргөлдөөнд АНУ татагдаж орж, мөргөлдөөний цар хүрээ нэмэгдэж болзошгүй талаар шинжээчид анхааруулж байна.