12 дугаар сарын 23-ны өдөр 47 настай эрэгтэйн даралт ихэссэн гэх дуудлагын дагуу үзлэг хийхээр очсон түргэний эмч рүү хутга барьж дайрсан асуудал олон нийтийг цочроогоод буй. Тухайн нөхцөлд эмч нэг давхрын цонхоор үсэрч, баруун хөлөө хугалсан байна. Бид асуудалтай холбогдуулан Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс тодрууллаа. Мөн дуудлагад гарсан эмч, мэргэжилтнүүдэд ямар асуудлууд тулгамддаг, энэ мэт эрүүл мэнд, амь насанд нь заналхийлсэн үйлдлүүд өмнө нь гарч байсан эсэх талаар тус төвийн захиргаа, хүний нөөц, хөгжлийн албаны дарга С.Анеркетэй ярилцлаа.
-Саяхан дуудлагад гарсан эмч рүү хутга барьж дайрсан байна. Яг юу болсон юм бэ?
– Үүрээр 04 цагийн үед манай эмч БЗД-ийн дуудлагад очсон юм. Эмчтэйгээ би энэ тухай ярилцсан л даа. Даралтыг нь үзэх гээд очиход хутга гаргаж ирээд дайрсан. Хүүхдүүд, эхнэр нь хаалгыг нь хаагаад гарчихсан болохоор гарах газар олдоогүй. Ёстой дийлддэггүй юм билээ гээд хэлсэн. Манай эмч бол эрэгтэй, биерхүү залуу бий. Тэгээд л нэг давхарын цонхоор нь унаад хөлөө гэмтээчихсэн. Эмч маань тэр нөхцөлд цагдаа дуудсан юм билээ. Мөн даралт нь ихэссэн гэх дуудлага нь нэг давхарт байсан учраас заавал жолоочтой хамт очих шаардлага байгаагүй тухай хэлсэн. Манай үйл ажиллагааны журманд шөнийн дуудлагад жолоочтойгоо орох тухай оруулсан байдаг. Учир нь манай эмч нарын 50 гаруй хувь нь эмэгтэй юм.
-Эмч рүү дайрсан хүн сэтгэц эрүүл мэндийн өвчтэй байсан юм уу?
-Сүүлийн жилүүдэд сэтгэцийн өвчлөл их болж байна. Дуудлагад гарч байгаа эмч нарт тэр хүмүүсийн мэдээлэл байдаггүй. Тиймээс тухайн хүн ямар байсныг нь мэдээгүй орсон гэсэн үг. Асуудал гарсны дараа цагдаагийн байгууллагаас тухайн хүнийг сэтгэцийн өвчтэй болохыг хэлсэн юм билээ. Ингээд хэрэг нээгээгүй.
-Гэмтсэн эмчийн эмчилгээний зардлыг байгууллагаас нь өгөх үү?
-Бид байнга холбогдож байгаа. Гэр бүлийнхэнтэй нь ч ярьсан. Тодорхой хэмжээгээр тусламж, дэмжлэг үзүүлнэ.
-Эмчийн биеийн байдал хэр байна вэ?
-Тавхайн ясны цууралттай. Хэвтрийн дэглэмд байгаа. Ерөнхий биеийн байдал нь сайн.
-Дуудлагад гардаг эмч нарт ямар асуудлууд тулгамддаг вэ? Сүүлд жишээ нь эмч шавхай тарьсан гэх асуудал сошиалаар гарсан санагдаж байна.
-Янз бүрийн асуудал тулгамдана. Шавхай тарьсан асуудлын тухайд эмч нар маск, улавч, малгай зэргийг тогтмол өмсдөг. Өвлийн цагт улавч нь цоорох гэх мэт асуудал гарна шүү дээ. Нэг удаагийн улавч юм хойно. Бид ямар даавуун улавч хийгээд гаргалтай нь биш. Халдвар, хамгааллаа бодсон ч болохгүй. Тэр асуудал дээр олон нийт эмч нарыгаа өмөөрч сэтгэгдэл бичсэн нь их байна билээ. Айл бүрээр орохдоо гутлаа тайлаад зогсох боломж эмч нарт байхгүй. Энэ мэт асуудлаас эхлээд гомдол санал ирж л байдаг. Олон хүнд үйлчилдэг байгууллага болохоор аргагүй ээ.
НИЙТ ДУУДЛАГЫН ДИЙЛЭНХ ХУВЬ ЯАРАЛТАЙ БУС ДУУДЛАГА БАЙДАГ
-Өдөртөө хичнээн дуудлага ирдэг вэ?
-12 дугаар сарын сүүлээс эхлээд дуудлага огцом ихсэж байна. Өдөртөө 1800 хүрсэн. Ер нь 1200-1300 байдаг юм. Томуу өвчин ихэссэн болохоор бүх хүмүүс үзүүлэх сонирхолтой байгаа. Манайхан өөрсдөө өрхийн эмнэлэгтээ очих сонирхол муутай. Ер нь түргэн дуудаад л эм бичүүлээд авах асар сонирхолтой байдаг. Яаралгүй дуудлагаа хурдан ирүүлэх гээд хүүхэд нь ухаангүй байна гэж өгнө. Дуудлагын 40 машин гардаг байсан бол одоо 55 машин гарч байна. Нийт дуудлагын дийлэнх хувь яаралтай бус дуудлага байдаг.
-Өмнө эмч рүү халдаж байсан тохиолдол хэр олон гардаг вэ?
-2-3 жилдээ нэг байдаг. Ойрын жилүүдэд ийм асуудал гараагүй л байна.