Өнөөдөр сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн гэр бүлийнхэн хэвлэлийн хурал хийж, түүнийг гадуур шалгаж өгөхийг хүслээ.
Н.ӨНӨРЦЭЦЭГИЙН ААВ: ОХИНЫГ МИНЬ ГАДУУР ШАЛГАЖ ӨГӨӨЧ
“Монголын ард түмэн, Ерөнхийлөгч, Ерөнхий шүүгчдээс миний охиныг гадуур шалгаж өгөөч гэж хүсэж байна. Гаргаад, гадуур шалгаад өгөөч” гэлээ.
Түүний эрэгтэй дүү “Миний эгч 2023 оны арванхоёрдугаар сарын 4-ний өдөр цагдан хорих 461 дүгээр ангид хоригдсон. Өнөөдөр суллах сүүлийн өдөр байсан. Энэ хугацаанд 10 гаруй удаагийн шүүх хурал болж, дандаа татгалзсан хариу өгсөн. Үүнд бид гайхаж, эргэлзээтэй байна. Уг нь өнөөдөр суллах өдөр нь байсан. Энэ заалт нь гадуур шалгах, хилийн хориг тавих заалттай. Энэ заалтаа хууль, шүүхийн байгууллага нь зөрчиж, сар хорьсон. Одоо энэ нэг сараа дахиад нэг сараар сунгасан. Тиймээс бид мэдээлэл хийж, буруу, зөвийг нь мэдэхгүй эргэлзээ төрж байна. Энэ хугацаанд бид ганц ч удаа хэвлэлийн өмнө гэрч мэдэгдэл хийгээгүй. Тартагтаа тулчхаад л ард түмнээсээ тусламж гуйх гээд. Шүүхийнхнээс бас тусламж гуйж, эгчийг минь гадуур шалгаад өгөөч гэж гуйж энд сууж байна”.
Н.ӨНӨРЦЭЦЭГИЙН ДҮҮ: МИНИЙ ЭГЧ ЭХ ОРНЫХОО ЭД БАЯЛГИЙГ ЗАРЖ, ИРГЭДИЙНХЭЭ БОЛОМЖИЙГ ХУЛГАЙЛААГҮЙ
“Миний эгч энэ улсад нэмэр тустай юу хийсэн гэвэл ЖДҮ, Хөгжлийн банк, “Ногоон автобус”, бүх л сангуудын мөнгийг цөлмөөд идсэн байсныг буцаад төвлөрүүлэхэд миний эгч нэлээн хувь нэмэр оруулсан гэж бодож байна. 100 хувь биш ч ядаж 50 хувьтай оруулсан гэж бодож байна. Иргэн хүний хувьд ч, дүүгийн хувьд ч ингэж бодож байна. Тийм болохоор гадаад өрөө хүртэл төллөө гэж байна. Үүнд миний эгч бага ч гэсэн тус, дэм болсон болов уу. Миний эгч торны цаана суугаад байх биш. Монгол Улсын иргэн нэг ч хүний гомдоож, амь насанд нь заналхийлээгүй. Монгол Улсынхаа эд баялгийг зарж, иргэдийнхээ боломжийг хулгайлаагүй. Монгол Улсдаа нэмэр л оруулсан хүн. Үүнийхээ үр дүнд торны цаана сууж байгаад бид үнэхээр гомдолтой байна. Монголын ард түмэн харж байвал эгчийг минь гаргахад туслаач гэж гуйж байна” гэв.
Н.ӨНӨРЦЭЦЭГИЙН ЭЭЖ: МИНИЙ ОХИН НЭГ ИХ БУРУУ ХЭРЭГ ХИЙГЭЭГҮЙ БАЙХ
“Хар бараан өдрүүд үргэлжилж байна. Хүрэлцэн ирсэн хэвлэлийнхэнд баярлалаа. Охиноо хонон, өнжин хүлээж байна. Их харамсалтай байна. Миний охин их буруу зүйл хийгээгүй байх. Бид хоёр хүүхэд дээр нь ирэн, очин байна. Тэр хоёр хүүхдэд мөн ч хэцүү байна. Бага хүүхэд нь юм ч идэж, уухаа байлаа. Уйлж, унжаад, “Ээж” гэж орилоод, надад их хэцүү байна. Том хүү нь ч хэцүү байна. Бид тусламж хүсэж байна” гэлээ.
Н.ӨНӨРЦЭЦЭГИЙН ЭГЧ: ЖДҮ, БЗС, ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХЭРГИЙГ ИЛ БОЛГОСОН СЭТГҮҮЛЧИЙГ БИШ САН ЦӨЛМӨСӨН ХУЛГАЙЧДАА ЯЛЛААЧ
“Миний дүүг гадуур шалгаж өгөөч. Онц ноцтой гэмт хэрэг хийгээгүй. Биднийг шалга. Сайн шалга. Бидэнд хэдэн мал л байна. Биднийг их муухайгаар харлуулж байна. Олон тэрбум төгрөгтэй л гэнэ. Данснаас нь тэдэн төгрөг гарч л гэнэ. Тролл багт үнэхээр гомдож байна. Тийм мөнгө, мал байхгүй. Тийм их мөнгө байхгүй. Биднийг сайн шалга. Хэдэн мал л гарна. Сайн ухвал Төрийн банк, Хаан банкны малчны зээлийн гэрээ л гарна. Биднээс өөр зүйл гарахгүй.
Найман ишигний хэрэг дээр 80 настай эмээг мөнгө угаах хэрэгт холбох гээд байсан шүүхийнхэн, шүүх хурал дээрээ. Үүнийг тухайн үед нь манай дүү мэдээлж байсан. Тэр 80 настай эмээг мөнгө угаах хэрэгт яллах гээд байсан, одоо миний дүүг яах гээд байгааг үнэхээр гайхаж байна. Бас их хардаж байна. Ингэж хорьчхоод цаагуур нь юу хийж, ямар хэрэг тохох гээд байна вэ. Юугаар хэлмэгдүүлэх гээд байна вэ. Үүнд маш их гомдолтой байна. Маш их хардаж байна. Ингээд сар сараар сунгасаар цааш яллаад явуулчих вий гэх хардлага бидэнд байна.
Манай дүү өөрийнхөө хувийн амьдралыг хойш тавьж, ард иргэдийн мэдэх эрхийг хангаж явсныхаа төлөө ингэж хоригдож байна. Манай дүү хөгжлийн банкнаас зээл аваагүй, БЗС-аас мөнгө аваагүй. ЖДҮ сангаас мөнгө аваагүй. Энд холбогдсон хулгайчдаа яллаач. Гаргаж тавьсан сэтгүүлчдийг нь яллах гээд байна” гэв.