Даваа гарагт Японы Ишикава мужид 7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 62-т хүрчээ. Мөн амиа алдагсдын тоо ирэх өдрүүдэд нэмэгдэж болзошгүй байгаа аж.
Японы ерөнхий сайд Кишида Фүмио мэдэгдэхдээ “Газар хөдлөлтөөс хойш 40 цаг өнгөрсөн ч иргэд нурангид дарагдсан хэвээр байна. Иймээс бид бүхий л хүчээ дайчилж, иргэдийн амь насыг аврах болно” гэлээ.
Тэрбээр өөрөө аврах багийг ахалж ажиллаж байгаа. Японд болсон газар хөдлөлтөд Сузу, Важима хотууд хамгийн ихээр нэрвэгдсэн юм. Тодруулбал Важима хотод гал гарч, 200 гаруй барилга байшин шатсан. Мэргэжилтнүүд одоог хүртэл хэр их хэмжээний хохирол гарсан болохыг тогтоогоогүй байна. Түүнчлэн тус хотод 29 хүн амиа алдсан гэх харамсалтай мэдээ байгаа юм.
Сузу хотод мөн адил хохирогчдын тоо 20 давжээ. Тус хотын захирагчийн мэдээлснээр Сузу хотын барилга байшингийн 90 хувь нь буюу 1000 гаруй байшин газар хөдлөлтийн улмаас нурж, үгүй болжээ. Сузу хот нь 13 мянган оршин суугчтай жижиг хот юм.
Газар хөдлөлт болсон Ишикава мужаас гадна Ниигата, Тояама, Фукуи, Гифу мужуудад газар хөдлөлт мэдрэгдэж автозамын эвдрэл, гэмтэл гарсан байна.
Ийнхүү хэдэн мянган барилга байшин газар хөдлөлтийн улмаас нурсан тул нийт хохирлыг хэмжээг тодорхойлоход хүндрэлтэй байгаа юм байна. Түүнчлэн албаныхны мэдээлснээр газар хөдлөлтийн дараа нийт 57 мянган хүн шилжин суурьшсан байна. Эдгээр хүмүүс түр хорогдох газар байрлаж байгаа юм.