14 насандаа ой тогтоолтын спортын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаа оролцож, ой тогтоолтын Их Мастер цол хүртсэн О.Наранзул болон түүний багш Г.Наранцацрал нартай ярилцлаа. Тэд ой тогтоолтын спортоор хичээллэх нь багаар ажиллах чадварт суулгах, анхаарлаа төвлөрүүлэх, сонсож ойлгох, шийдвэр гаргах гээд олон чадвар суулгадаг талаар ярьсан юм.
Сайн байна уу. Та хоёр өөрсдийгөө танилцуулаад ярицлагаа эхэлье.
-Сайн байна уу, намайг Г.Наранцацрал гэдэг. Би Монголын оюун ухааны академийн Багануур салбарын ой тогтоолт, түргэн бодолтын багш, ой тогтоолтын тамирчин, ой тогтоолтын олон улсын мастер зэрэгтэй.
–Намайг Отгон-Улааны Наранзул гэдэг. Би есдүгээр ангид суралцдаг. Ой тогтоолтын тамирчин, Их мастер цолтой.
-Саяхан ой тогтоолтын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, Ой тогтоолтын Их Мастер цол хүртлээ. Цол авсан сэтгэгдлээсээ хуваалцаач?
–О.Наранзул: Яг цол авахдаа их гайхсан. Өөрийгөө Их мастер цол авна гэж бодоогүй байсан учраас тайзан дээр гараад, уйлсан.
Хийх юмаа хийж, зорьсон зүйлдээ хүрсэн, бэлдсэн бэлтгэлийнхээ үр дүнг амссан маш жаргалтай мөч байсан. Цолоо авчхаад шагнал гардуулах ёслолын дараа өрөөндөө гүйж ороод, аавруугаа залгаад болсон бүх юмаа яриад дахиад л уйлаад эхэлсэн.
Манай аав тэмцээний туршид надтай ярьж, сэтгэл зүйг маань бэлдээд явж байсан. Аав маань ч баяртай, аз жаргалтай байсан.
-Тэмцээний үеэр тамирчдаа хэрхэн бэлдэж байв?
-Г.Наранцацрал: Би 2022 оны ДАШТ–д оролцоод, Олон улсын Мастер цол хүртэж байсан. Тэмцээнд оролцох ямар байдаг талаар мэддэг учраас хоёр тамирчиндаа “Тэмцээн ингэж болдог шүү, сэтгэл зүйгээ ингэнэ. Тэмцээнд аз гэж байдаггүй. Тухайн хүний сэтгэл зүй их хамаатай гэдгийг хэлж, яг бэлтгэл дээр байгаа юм шиг л хийгээрэй. Тэгвэл та хоёр алдахгүй, алзахгүй, зүгээр гээд л зөвөлгөө өгсөн.
-Энэ цол нь ямар болзолтой байдаг вэ?
– Г.Наранцацрал Ой тогтоолтын гурван төрлийн цол бий. Олон улсын Мастер, Их Мастер, Олон улсын Их мастер гээд. Тухайн цолыг жилд ганцхан удаа ДАШТ дээр л авах боломжтой.
- Олон улсын мастер цолыг 3500 оноо цуглуулна.
- Их мастер цол дээр 5500 оноо.
- Олон улсын Их мастер цол 6500 оноо цуглуулдаг.
Нийт арван төрөл байдаг. Тэндээс оноогоо цуглуулдаг. Дахиад энэ гурав дээр нэмээд нэг цагт 14 багц хөзөр, 1400 цифр, хурдны хөзөр нь нэг багц хөзрийг 40 секундээс бага хугацаанд цээжлэх ёстой гэсэн болзлуудтай. Энэ гурван болзлуудаа биелүүлээд оноо нь 3500 хүрч байвал цолуудаа авдаг.
Манай О.Наранзулын авсан Их мастер цол нь хүнд цолдоо тооцогддог. Яагаад гэвэл Их мастер цолыг жилд хамгийн өндөр оноо авсан тавхан хүнд л олгодог. 5500 аас дээш оноо авсан тавхан хүнд олгодог гэсэн үг. Магадгүй арван тамирчин 5500 аас дээш оноо авсан ч тав нь аваад тав нь авахгүй. Тиймээс эрсдэл ихтэй, авахад хэцүү цол.
–Энэ жилийн ДАШТ д хэчнээн оролцогч оролцсон бэ?
– Г.Наранцацрал: Энэ жил нийт 108 тамирчин оролцсон. Хятад, Монгол, Герман гээд олон улсаас ирсэн.
-О.Наранзул хэзээнээс эхэлж ой тогтоолтын спортоор хичээллэсэн бэ. Ой тогтоолтоор хичээллээд ямар өөрчлөлт гарсан бэ?
–О.Наранзул: Би өнгөрсөн жилийн яг энэ үед ой тогтоолтоор хичээллээд арга, техникээ үзэж байсан. Ой тогтоолтоор хичээллэсэний өмнөх болон одоогийн би маш ялгаатай. Ой тогтоолын спорт миний амьдралд нэг жилийн хугацаанд маш их нөлөө үзүүлсэн. Ой тогтоолтоор хичээллээгүй байсан бол одоо юу хийж байх байсан болоо гэхэд төсөөлшгүй тийм ихээр нөлөөлсөн. Миний амьдралын үр дүн, амжилт маш сайжирсан. Өөртөө сэтгэл ханамжтай, бахархалтай болж хувь хүний чадварууд ч сайжраад, гэр бүл, ангийн нөхөд, багш нараасаа зөндөө бахархал хүртээд сайхан байгаа.
-Г.Наранцацрал: Манай О.Наранзул яг өмнө жилийн 2022 оны зуны элсэлтээр 10 хоногийн сургалтанд сууж байсан. Манайх тэр үед сургууль сургуулиас тав таван хүүхэд сонгоод зуны сургалтанд хамруулж байсан. Тэр үед их хөөрхөн яриа хөөрөөтэй охин орж ирж байсан. 10 хоногийнхоо сургалтыг дуусчихаад “Багш аа би есөн сард жилийн элсэлтээр нь дахиад сурна аа” гээд явж байсан. Амлалтаа биелүүлээд есөн сард орж ирсэн.
Оюун ухааны академид тамирчин болж бэлтгэгдэхийн тулд хоёр жил зарцуулдаг. Эхний жилдээ суурь арга техникээ үзээд, хоёр дахь жилдээ тамирчин болж бэлтгэгддэг. Бид хоёр есөн сараас эхлээд суурь арга техникүүдээ үзээд хоёр сар орчим явсан. Хүүхдүүд яг анзаарагдаж эхэлдэг үе. “Энэ хүүхэд ер нь болчихоор хүүхэд байна шүү. Гайгүй тамирчин болгоод авчихмаар юм байна” гээд, шууд л “Чи тамирчнаар хичээллэх үү. Багшид нь ийм анги байна. Чамд цаг гаргая” гэсэн. О.Наранзул ч шууд мэргэжлийнхээ арга техникийг үзээд тамирчин болж бэлтгэгдье гээд зөвшөөрсөн. Ингэж хоёулаа тохироод, аравдугаар сараас эхлээд мэргэжлийн ангидаа суугаад тамирчиныхаа арга техникүүдийг үзэж эхэлсэн. Үндсэн хичээл маань нэг сар гаран хичээллэж дуусаад л үргэлжлүүлээд тамирчныхаа бэлтгэлийг хийгээд явсан.
-Ой тогтоолтын спорт хүнд ямар чадваруудыг суулгадаг вэ?
–Ой тогтоолтын спортоор мэдээллүүд цээжлэхээс гадна өөр чадварууд хөгжиж байдаг. Жишээ нь, тамирчин болно гэдэг цаанаа маш олон чадварыг хөгжүүлж байдаг. Ялж ялагдаж сурна, зорьсон зүйлээсээ багыг хийнэ, ихийг хийнэ.
Манай улсын хувьд баг хамт олноороо тэмцээнд оролцдог онцлогтой. Шигшээ багаараа багийн соёлд суралцана. Манайхан нэг нь шагнал авахад бүгдээрээ чин сэтгэлээсээ баяр хүргээд заалыг доригтол орилдог. Тэгээд бас өөрөө муу хийвэл бусдынхаа амжилтад саад болохгүйн тулд чимээгүй гэмшдэг ч юмуу. Багийн соёлд их суралцдаг.
Мөн бэрхшээлийг давж чаддаг болно. Сэтгэл зүйгээ удирдаж сурна. Том том шалгалтуудтай үед сэтгэл зүйгээ удирдах маш чухал байдаг. Ой тогтоолтоор хичээллэж, тэмцээнд бэлдснээр сэтгэл зүйгээ маш сайн удирдаж сурна. Давхар анхаарал төвлөрөл, юм ойлгох чадвар зэрэг олон зүйлд сайн.
-Манай улс сүүлийн жилүүдэд ой тогтоолтын спортоор өндөр амжилттай байна. Зарим хүмүүс амьдрал дээр яаж ашиглах вэ, ямар хэрэгтэй вэ гэж их асуудаг. Та үүнд ямар хариулт өгөх вэ?
-Г.Наранцацрал: Ой тогтоолтын спортыг анх гаргасан хүн бодохдоо “Хүмүүс яагаад тархиараа өрсөлддөггүй юм бол. Хүний тархийг ийм гайхалтай эрхтэн байхад үүний чадварыг харуулсан тэмцээн уралдаан байдаггүй юм бол” гэдгээс сэдэл авч, ой тогтоолтын арван төрлийг боловсруулж, тэмцээн болгож хөгжүүлсэн. Дэлхийд тархины бядыг шалгадаг хоёр төрлийн спорт бий. Нэг нь ой тогтоолтын спорт нөгөөх нь шатрын спорт. Энэ хоёр спортоор хичээллэж байгаа хүүхдүүд аливаа зүйлийг ойлгох нь хүртэл шал өөр болдог. Би Багануур салбарт багшлаад гурав дахь жилдээ болж байна. Над дээр анхнаасаа сурсан нэг, хоёрдугаар ангиасаа орж ирсэн хүүхдүүд одоо дөрөвдүгээр анги болчихсон ой тогтоолтоороо хичээллэж байна. Дөрөвдүгээр анги бол ой тогтоолтын спортоор хичээллэх хамгийн бага нас. Дөрөвдүгээр ангийн хүүхдүүдийг бусад дөрөв, тавдугаар ангийн хүүхдүүдтэй харьцуулахаар шал өөр байдаг. Бүр мэдэгддэг. Хүлээж авах чадвар нь, анхаарлаа төвлөрүүлж байгаа нь, аливаа зүйлийг сонсоод ойлгох чадвар нь. Ямар нэгэн шийдвэр гаргахдаа хүртэл өөр болсон байдаг. Тархийг хөгжүүлнэ, ой тогтоолт болон оюуны спортоор хичээллэх нь ямар үр дүнтэй гэдгийг харж болно. Бага наснаасаа эхэлж хичээллэвэл илүү үр дүнтэй.
-О.Наранзул том болоод ямар мэргэжилтэй болохыг хүсдэг вэ?
–О.Наранзул: Би том болоод хуульч болохыг хүсдэг. Надад шийдэмгий, хэн нэгнийг хамгаалах, үнэн зүйлийн төлөө чанга дугарч чаддаг, чөлөөт цагаараа оффистоо ороод, ганцаараа кофе уугаад суудаг мэргэжил догь санагддаг. Манай ээж аав хоёр намайг ямар ч хүн болсон болно. Дуртай мэргэжлээ л сонго гэдэг. Намайг тултал дэмждэг. Бага ангиас эхлээд л ийм, тийм зүйлд явъя гэхээр “Тэг тэг” гээд л. Ой тогтоолтоор хичээллэхэд ч тийм байсан. Намайг бүх зүйлийг чадна гэж итгэдэг аав, ээж хоёртоо баярлалаа.
-Ярилцлагаа энд хүрээд өндөрлөе. Багшдаа хандаад хэлэх үг байна уу?
–О.Наранзул: Ой тогтоолтын спортоор хичээллэх, тэмцээнүүдэд орж, амжилт гаргах эхлэлийг тавьж өгсөн Цацаа багшдаа баярлалаа. Цацаа багш маань намайг олж харж, надад ийм итгэл хүлээлгээгүй байсан бол би тамирчин болохгүй байсан. Цол авахгүй байсан. Ой тогтоолтын спорт гэж юу болохыг мэдэхгүй миний амьдрал ямар байх байсныг төсөөлөхгүй байна. Цацаа багшдаа л их баярлаж явдаг.
-Ярилцсанд баярлалаа. Та хоёрт илүү их амжилт хүсье.