УИХ-аас байгуулсан нүүрсний худалдан авалттай холбогдох Хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь сонсгол үргэлжилж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат байр сууриа илэрхийллээ. Тэрээр, “Таван толгой түлш” ХХК өр, зээлдээ баригджээ. Компани юм уу, юу юм. Үр дүн тааруу байна. Буруу замаар будаа тээгээд байгаа юм биш үү. Сүүлийн үед утаа арай өөр болчихлоо. Гаднын судалгааны байгууллагынхны ярьж байгаагаар хүүхдүүдийн цусанд хүнд элемент, металл илрээд эхэлсэн байна. Утаанаас болоод хотын иргэдийн сэтгэн бодох чадвар 5-10 хувиар буурсан гэж байна. Би ч яах вэ, урагшаа эрүүл агаарт амьдардаг хүн.
Нийт 220 мянган айлыг л сайжруулсан түлшээр хангаж байгаа. Энэ бол цөөн тоо. “Эрдэнэс таван толгой” ХК 2 их наяд төгрөг өгсөн байна шүү дээ. Үүнийг орон сууцны урьдчилгаа болгоод, ногдол ашгаар нь, хувьцааг нь барьцаалаад өгчихсөн бол үр дүнтэй байх байж” гэв.