Монголчууд нэг үеэ бодвол өөрийнхөө дуу хоолой, үзэл бодлыг төрд хүргэх “гүүртэй”, буруу, зөвийг ялгах цензуртэй болж байна. Ингэж хэлсний учир нь иргэн төрийн хэрэгт шууд оролцох боломжтой “D Parliament" платформыг иргэд идэвхтэй хэрэглэж байгаатай холбоотой юм.
Уг платформоор дамжуулан НӨАТ-ын хоёр хувийг таван хувь болгох саналыг зургаан хоногийн дотор, нийгмийн даатгалын шимтгэлийг 50 хувь бууруулах саналд 15 хоногийн дотор 100 мянган хүн дэмжсэн байна. Түүнчлэн цалинтай ээжийн мөнгийг 50 мянган төгрөгөөр нэмэх саналыг 29 хоногийн дотор дэмжсэн юм. Ийнхүү тухайн асуудлуудад иргэд нэгдэн нийлж, саналаа өгсөн атал бодит амьдрал дээр яагаад хэрэгжихгүй байна. Тэгвэл уг гурван саналын хэрэгжилт ямар шатандаа явж байгаа нь сонирхолтой. Энэ тухай холбогдох албанаас тодруулахад “НӨАТ-ын хоёр хувийг таван хувь болгохын тулд УИХ болон Засгийн газрын ажлын хэсэг байгуулсан. Харин нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах тухайд УИХ-ын төсвийн байнгын хороонд ажлын хэсэг, цалинтай ээжийн мөнгийг нэмэх санал Нийгмийн бодлогын байнгын хороонд ажлын хэсэг байгуулаад ажиллаж байна” гэв.
Зөвхөн НӨАТ-ын хоёр хувийг таван хувь болгох саналыг иргэд дэмжээд бараг хоёр сарын нүүр үзлээ. Гэтэл одоо болтол хэрэгжилт алга. Ажлын хэсэг байгуулаад ажиллаж байна гэдэг хариулт л холбогдох албанаас өгч буй. Тэгвэл дэмжигдсэн асуудал амьдрал дээр хэрэгжихгүй, удаашралтай байгаа нь “D Parliament" платформ чадамжгүй байгаатай холбоотой юу, эсвэл эрх баригчид дэмжихгүй байгаагаас асуудал шийдэгдэхгүй байна уу. Хариулт хайя.
Иргэн бол хүч санаачилгын үүсгэн байгуулагч Б.Өлзийбат "Тус платформд дэмжигдсэн асуудлууд хэрэгжихгүй байгаа нь парламентын гишүүдтэй шууд холбоотой. Тэд үндсэн ажлаа хийхгүй байна. УИХ-ын гишүүдийн үндсэн ажил нь иргэдийг төлөөлөх, хууль санаачлах, батлах, улсын төсөв батлах, хуульд хяналт тавих үүрэгтэй. Мөн тэд иргэдийн тулгамдаад буй асуудлуудад шийдэл хайж, ард олны дуу хоолойг сонсох эрхтэй. Улмаар иргэдийн оролцоотой зөв шийдвэр гаргах ёстой юм.
Өнгөрсөн хугацаанд эрх баригчид шийдвэр гаргаж, иргэд шийдвэрт нь оролцдоггүй байсаар ирсэн. Энэ байдал үргэлжилбэл иргэдээ анхаардаггүй эл нийгэм өөрчлөгдөхгүй. Нийгмийг өөрчлөхийн тулд иргэн бүр дуу хоолойгоо төрд хүргэх хэрэгтэй. Ингэж чадвал та, бидний ахуй, амьдрал дээшилж, боловсролын систем сайжирч, амьдарч буй орчин цэвэр, цэмцгэр болно” гэлээ.
Нэг үгээр багцалж хэлбэл, ард олны амьдрал, оршин буй нийгмийг бүхэлд нь өөрчилж чадах уг системийг иргэд ухаалгаар ашиглахад хойш тавьж болохгүй гэнэ. Энэ нь ч зөв. Урьд өмнө нь иргэд төрийн хэрэгт шууд оролцох боломжгүй байсан бол одоо бидэнд боломж олдож байна.
Улс төр судлаач, эрх зүйч Т.Баатархүү "Хэдхэн хүн хууль боловсруулдаг гажгийг “D-Parliament”-аар өөрчлөх гэж оролдож байна. Энэ бол сайн. Өнөөдөр Монгол Улсад хууль хэрэгжихгүй байгаа нь ерөөсөө судалгаагүй иргэдийн саналыг тусгаагүйгээс л болж байгаа. Тиймээс хуулийн төсөл боловсруулах системд иргэдийн саналыг оруулж, тусгаж өгөх нь өнөөдөр юу юунаас илүү чухал асуудал болоод байна. Тэр утгаараа “D-Parliament” цаг үеийн шаардлагаар хүссэн хүсээгүй төрийн тогтолцоонд сууж өгнө" гэлээ.