ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин жил бүр иргэд болон сэтгүүлчидтэй шууд харилцсан хэвлэлийн бага хурал хийдэг.
Өнгөрсөн жил энэ хурал хийгдээгүй. Харин энэ жил хийгдсэнээр дайнаас хойш анх удаа томоохон хэмжээний хэвлэлийн бага хурал хийсэн явдал болж буй. Тэрбээр “зорилгодоо хүрч байж л” Украинтай энх тайван тогтооно хэмээжээ.
Хурлын дийлэнх хэсэг нь түүний хэлснээр “ОХУ-ын цэргийн тусгай ажиллагаа”-ны хүрээнд өрнөв. Тэрбээр ОХУ-ын бүрэн бүтэн, тусгаар тогтносон байдлын ач холбогдлын талаар онцоллоо. В.Путин ОХУ-ын төрийн мэдэлд байдаг Нэгдүгээр сувгийн хөтлөгч Екатерина Березовскаяад хандаж дайны үед ч ОХУ-ын эдийн засаг хүчтэй байгаа гэв.
Украин дахь түүнийг зорилго нь нацизмын эсрэг байх, цэрэггүй бүс болгох, төвийг сахих гэсэн юм. ОХУ-д 486 мянга орчим цэрэг сайн дураар элссэн бол 300 мянга гаруй цэрэг татагдсан гэдгийг тэрбээр мөн онцлов. Энэ долоо хоногт гарсан АНУ-ын тагнуулын нууц тайланд дайн эхэлснээс хойш 315,000 цэрэг амь үрэгдэж, шархадсан гэж тооцоолсон бөгөөд энэ нь дайралтын эхэн үед Оросын цэргийн албан хаагчдын бараг 90% нь байсан гэжээ.
Украины зүүн хэсэгт, эзлэгдсэн Луганск хотод байрладаг Оросын өдөр тутмын “Известия” сонины сурвалжлагч В.Путинаас Оросуудад эзлэгдсэн Днепр мөрний зүүн эрэгт Украины арми хэрхэн хөл тавьж, давшиж байгаа талаар асуусан.
Хариуд нь В.Путин Украины багахан хэмжээний амжилт нь цааш үргэлжлэхгүй гэх утгатай үг хэлсэн ба Оросын арми өөрсдийн цэргийн амь насыг бодолцож, ухарсан гэв. Тэрбээр Украины гол зорилго нь барууны орнуудаас дэмжлэг авах гэдгийг онцолж энэ нь ард иргэдээ бодоогүй, улс төрийн шалтгаантай үйлдэл гэжээ.