Энэ оны 11 сард “Өвсний үндэс – Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн “Дархан-Уул аймаг, Сэлэнгэ аймаг, Төв аймагт Хөдөө аж ахуйн дрон нийлүүлэх төсөл”-ийн хүрээнд Хөдөө аж ахуйн дронуудыг “Монголын хөдөөг шинэчлэхийн төлөө фермерүүдийн холбоо” ТББ-д хүлээлгэн өгөв.
Тодруулбал, уг төслөөр Дархан-Уул аймгийн Орхон сум, Сэлэнгэ аймгийн Мандал сум, Төв аймгийн Борнуур суманд нийт найман ширхэг хөдөө аж ахуйн дроныг нийлүүлж, эдгээр дроныг ашигласнаар хортон шавжтай оновчтой үр дүнтэй тэмцэж, ургацын чанар, хэмжээг нэмэгдүүлэхийн зэрэгцээ Монгол Улсын эдийн засгийн чухал салбар болох газар тариалангийн үйлдвэрлэлийн бүтээмжийг дээшлүүлэхэд хувь нэмэр оруулна хэмээн найдаж байна. Төслийн санхүүжилтийн дээд хязгаар нь 226,200 ам.доллар (703,934,400 орчим төгрөг) байв.
Ингээд төслийн хүлээн авагч тал болох “Монголын хөдөөг шинэчлэхийн төлөө фермерүүдийн холбоо” ТББ-аас ирсэн сэтгэгдлийг та бүхэнд хүргэе.
Япон Улсын засгийн газрын “Өвсний үндэс – Хүний аюулгүй байдлыг хангах” хөтөлбөрийн “Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймагт Хөдөө аж ахуйн дрон нийлүүлэх төсөл”-ийн хүрээнд AGRIFLYER TYPER дроныг хүлээн авч, дрон угсрах, ажиллуулах онол, практик хосолсон хоёр өдрийн сургалтад энэхүү төвийн агрономич миний бие хамрагдаж дроныг нисгэх, ургамал хамгааллын бодис, эрдэс бордоо цацах чадварыг бүрэн эзэмшсэн. Сургалт явагдаж дууссаны дараа, 16 ногоочин нийт 10 га талбайд хог ургамалтай тэмцэх гербицид болон хортон шавжийн эсрэг инектицид цацах үйлчилгээг хийсэн. Энэхүү дрон нь орц бага ажлын уусмалаар маш нарийн тоосруулж ургамлын навчин дээр жигд цацаж байв. Техникийн энэхүү чадвар нь ихэд үр дүнтэй гэдгийг харуулж байгаа ба 1 га талбайд 15 минут зарцуулж буй нь цаг хугацаа, хөдөлмөрийн аюулгүй байдлыг ихэд хөнгөвчилсөн, шинэ үеийн дэвшилтэт техник гэдгийг миний бие өөрийн биеэр үзэж танилцав. Сумынхаа жижиг бизнес эрхлэгч ногоочдод энэхүү үйлчилгээг үзүүлж байгаадаа туйлын баяртай байна. Манай сумын хувьд өөрийн гэсэн техникгүй, жижиг ногоочид төмс, хүнсний ногоо тариалсан талбайдаа ургамал хамгааллын бодис цацах, хортон шавжтай тэмцэхэд орчин үеийн дэвшилтэт технологи болох ХАА-н дрон ашигласнаар үүргэвчин хор цацагчийг халан өөрийн эрүүл мэндээ хамгаалж, хөдөлмөр хөнгөвчлөн нэгж талбайгаас авах ургац нэмэгдэж байгаад бүгд баярлан дараа жил улам их талбайд үйлчилгээ авах хүсэлтээ ирүүлээд байгаа болоод энэхүү төслийг санхүүжүүлсэн Японы ард түмэнд талархаж байгааг минь дамжуулж өгнө үү гэснийг та бүхэнд уламжилж байна.