Израилийн батлан хамгаалах хүчин болон Хамас бүлэглэлийн байлдаан улам ширүүсэж байна. Тодруулбал, Израилийн батлан хамгаалах хүчин 24 цагийн дотор Хамас бүлэглэлийн орогнож буй гэх 250 гаруй цэгт дайралт хийсэн гэдгээ мэдэгдсэн юм.
Израилийн батлан хамгаалах хүчин Хамас бүлэглэлийн есөн мянга гаруй дайчныг хөнөөсөн гэдгээ танилцуулаад буй. Талуудын мөргөлдөөн даамжирч буй нь Газын зурвас дахь хүмүүнлэгийн тусламж улам хүндрэлтэй болоход мөн нөлөөлж байна. Үүний хамгийн тод жишээ бол Газын зурвасын энгийн иргэд олноор амь хохирч буй явдал.
Уг мөргөлдөөн аравдугаар сарын 7-нд эхэлснээс хойш 18 мянга гаруй палестинчууд амь үрэгдсэнийг Газын зурвас дахь эрүүл мэндийн яам мэдээлсэн. ДЭМБ-ын тэргүүн Тедрос Гебрейесус Газын зурваст ердөө 14 эмнэлэг ажиллах боломжтой байгааг хэлсэн. Гэвч эдгээр эмнэлэг түлшгүйн улмаас үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхэд хүнд байгаа аж. Гэр оронгүй болсон иргэд Египет руу хууль бусаар нэвтрэх оролдлого хийж эхэлсэн байна. Нөхцөл байдал цаашид ч улам дордох төлөвтэй байгааг НҮБ-ын зүгээс анхааруулж байгаа юм.