Fast & Furious киноны жүжигчин Пол Уокер автомашины ослоор нас барснаас хойш 10 жилийн хугацаа өнгөрчээ.
Тус кинонд хамтран тоглосон түүний найз, жүжигчин Вин Диесэл Пол Уокерийг дурсаж, инстаграмдаа нэгэн зураг нийтэлсэн нь олон нийтийн хайр хүндэтгэлийг хүлээж байна. Түүний охин Ханиагийн Пол Уокертой авхуулсан зурагны дор “Энэ миний авсан хамгийн дуртай зургуудийн нэг.
Тэр одоо төгөлдөр хуур тоглож чаддаг болсон. Өчигдөр л гэхэд Сарны сонатыг ямар гайхалтай тоглож байсан гээч. Түүний дараагийн тоглох ая бол Билли Айлишийн “What was I made for” гэдэг дуу. Чи түүнд дуртай байх байсан даа” гэсэн тайлбар бичжээ. Пол Уокерыг нас барснаас хойш Вин Диесэл түүний охин Мидов Уокер болон гэр бүлийнхэнтэй нь ойр дотно байсаар ирсэн аж. 2021 онд Мидов Уокер гэрлэхэд Вин Диесел түүний аавыг орлож, цагаан хивсэн дээр алхуулж байсан түүхтэй.