Унгар улсын гадаад хэргийн сайд Петер Сияяарто Унгарын засгийн газар Украинд зэвсгийн тусламж үзүүлэхгүй гэдгийг мэдэгдлээ. Европын Холбоо тэргүүтэй улс орнууд Украинд тусалсаар байвал дайныг сунгах аюултайг тэрбээр мөн хэлжээ.
Улмаар Европын Холбооноос Украинд өгөх 50 тэрбум еврогийн тусламж Унгарын эсэргүүцэлтэй тулгарч буй аж. Үүгээр зогсохгүй, Украины Европын Холбоонд элсэх хүсэлт ч удааширч болзошгүй байна. Унгарын ерөнхий сайд Виктор Орбан нь Европын холбоонд Украин элсэхийг хүчтэй эсэргүүцдэг нэгэн. Тэрбээр Украин тус холбоонд “элсэж чадахгүй” ч гэж хэлж байсан удаатай. Тиймээс ирэх сард Украины гишүүнчлэлийг хэлэлцэх Европын холбооны хурал үр дүнд хүрэхгүй байх магадлал өндөр байгааг шинжээчид хэлж байна.
Виктор Орбан Украиныг холбоонд элсүүлбэл бусад гишүүн орнуудыг аюулгүй байдал эрсдэлтэй тулгарна гэж үзэж байгаа юм. Унгар улс нь ОХУ-аас эрчим хүчний хамааралтай бөгөөд тус улстай сайн харилцаатай байдаг цөөн Европын орнуудын нэг билээ.