Улсын ерөнхий прокурорын газраас байгуулсан Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газрын хамтарсан ажлын хэсэг төсвийн хөрөнгөөр нийтийн тээврийн автобус худалдан авах ажиллагаатай холбоотой хэргийг мөрдөн шалгаж буй.
Ажлын хэсэг хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулахаар 141 хүнээс гэрчийн мэдүүлэг авч, прокурорын зөвшөөрлөөр нэр бүхий 11 иргэний орон байр, бусад газарт нэгжлэг хийсэн. Түүнчлэн хэрэгт хамаарал бүхий аж ахуйн нэгж байгууллагын хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлан, эд хөрөнгүүдийг нь битүүмжлэх арга хэмжээ авчээ.
Одоогоор тус хэрэгт 2023 онд төсвийн хөрөнгөөр 800 автобус худалдан авах ажиллагааг зохион байгуулахад эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон 26 хүнийг яллагдагчаар татан шалгаж байна.
Тодруулбал улс төрд нөлөө бүхий нэг, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Худалдан авах ажиллагааны газар, Нийтийн тээврийн газрын албаны 18, хувийн компанийн удирдах, гүйцэтгэх гурван албан тушаалтан, гадаад улсын дөрвөн иргэн яллагдагчаар татагджээ.
Дээрх яллагдагч нараас нэг хүнд цагдан хорих, 24 хүнд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.
Эх сурвалж: УПЕГ