Гэр бүлийн хүчирхийлэл мөн бага насны хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчил мэдээллийг бүртгэдэг "ECS" программыг хөгжүүлж, гэмт хэрэгтний талаарх архивтай болжээ. Ингэснээр тухайн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг засан хүмүүжүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэхэд өндөр ач холбогдолтой гэв. Энэ талаар ЦЕГ-ын гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, О.Одонбаатар хэлсэн юм. Тэрээр "Энэхүү программд хөгжүүлэлт хийсэн бөгөөд дуудлага мэдээлэл болон тухайн гэмт хэрэгт өртсөн холбогдсон этгээдүүдийн талаар мэдээллүүдийг дэлгэрэнгүй бүртгэдэг болоод байна. Ийнхүү бүртгэснээр гэмт хэрэг болон зөрчил гаргасан этгээд өмнө нь бага насны хүүхдийн эсрэг гэмт хэрэг болон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан уу гэдгийг харах боломжтой болж байна. Тухайн этгээд өмнө нь ямар зөрчил гаргасан, яаж гэр орондоо агсан тавьж, гэр бүлийн хүчирхийлэл хэрхэн үйлддэг байсан талаарх архив үүсэж байгаа нь тухайн этгээдийг хүмүүжүүлэх болон дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ юм. Энэ программын давуу тал нь тухайн иргэний регистрийг хийхэд өмнө нь үйлдэгдэж байсан зөрчил, гэмт хэрэг гарч ирнэ. Энгийнээр тайлбарлавал, тухайн иргэний бүхий л дэлгэрэнгүй мэдээлэл цагдаагийн байгууллагад гарч ирнэ" хэмээлээ.