Монголын Боксын Холбооноос 2023 оны улсын аварга шалгаруулах тэмцээнийг 12-р сарын 04-нөөс 09-ний өдрүүдэд зохион байгуулах гэж байна.
Тэмцээний медальтнууд эрэгтэй 7, эмэгтэй 6 нийт олимпын 13 жинд тодорно. Боксын УАШТ спортын төв ордны А зааланд болох юм.
"Парис-2024" зуны олимпын XXXII наадмын эрх
Одоогийн байдлаар "Парис 2024" олимпын наадмын нэг эрхийг эмэгтэй 50 кг-ийн жинд аваад байгаа юм.
Эргэн сануулахад Азийн наадмын рингэнд хүч үзсэн “Аврагч” спорт хороо, Үндэсний шигшээ багийн тамирчин ОУХМ О.Есүгэн /2023.09.29/-ний өдөр Казакстаны тамирчин, дэлхийн хошой аварга Н.Кизайбайг 4-1 харьцаагаар ялсан. Ингэснээр О.Есүгэн “Ханжөү 2022” Азийн наадмын боксын төрлийн эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд хүрэл медалийн болзол хангаж, тэрбээр “Парис 2024” олимпийн наадамд оролцох эрхтэй болсон билээ.
Боксын улсын аварга шалгаруулах тэмцээний онцлог
Боксын улсын аварга шалгаруулах тэмцээнээс шалгарсан шилдэг тамирчдыг "Парис-2024" зуны олимпын наадмын эрх олгох тэмцээнд илгээх юм.
Эмэгтэй 54кг, Эрэгтэй 57, 63кг-ийн жинд ширүүн өрсөлдөөн өрнөнө. Мөн эрэгтэй 71кг-ийн жингийн финалын тулаан сонирхол татах нь мэдээж.
Учир нь эдгээр жингүүдэд медалийн тавцанд зогссон тамирчин олимпын эрхийн тэмцээнд оролцох болзлоо хангах учиртай.
"Парис-2024" зуны олимпын наадмын эрх олгох хоёр тэмцээн ирэх онд боксчдыг хүлээж байна.
Боксын спортод дараагийн залгамж халаа
Боксын холбооноос хүнд жингүүдэд дараагийн залгамж халааг бэлтгэж байна. Зөвхөн олимпын жин бус бусад жингүүд дээр ч мөн адил ирээдүйн шилдэг тамирчин бэлтгэхэд бодлогоор дэмжиж, онцгой ач холбогдол өгч байгаа ажээ.
Үндэсний шигшээ багт 1996-аас дээш оны шинэ залуу тамирчид төрөн гарч бэлтгэл сургуулилтаа хийж байгаа юм. Дасгалжуулагч болон тамирчдын тухайд хамгийн "залуу бүрэлдэхүнтэй" байгааг Монголын Боксын Холбооноос тодотгов.
Боксын шигшээ баг
2023 оны улсын аварга шалгаруулах тэмцээний дараа боксын Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнийг дахин шинэчлэн батална.
Монголын Боксын Холбооны Бүтэц бүрэлдэхүүн
Монголын Боксын Холбооны Ерөнхийлөгчөөр У.Баатар, Ерөнхий нарийн бичгийн даргаар Ц.Батнасан нар ажиллаж байна. Харин үндэсний шигшээ багийн ерөнхий дасгалжуулагчаар ОУХМ Б.Эрдэнэбаяр, ахлах дасгалжуулагч О.Батхүү, эмэгтэй шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Ж.Еркин нар баг тамирчдаа дасгалжуулж байна. Өдгөө Монголын Боксын холбоо 75 жилтэйгээ золгосон юм.
Боксчид 2023 онд үзүүлсэн амжилт
2023 онд Монголын Боксид Азийн наадам, дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, дэлхийн цомын тэмцээнээс нийт 12 медаль хүртсэн амжилттай.
"Ханжоу-2022" Азийн наадам
Б.Чинзориг -63.5кг алт
О.Есүгэн -50кг хүрэл
Эмэгтэйчүүдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн
М.Энхжаргал 54кг хүрэл
Л.Алтанцэцэг 48кг мөнгө
Эрэгтэйчүүдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн
Б.Чинзориг -63.5кг мөнгө
Б.Мишээлт -67кг хүрэл
Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн
М.Намуун -60кг алт
Т.Номин-Эрдэнэ 57кг хүрэл
С.Биндэряа -57кг хүрэл
Б.Мөнгөнсаран -50кг хүрэл
А.Баттулга -51кг хүрэл
Н.Билгүүнсайхан -57кг хүрэл медалийг тус тус зүүсэн байна.
Боксын спортын түүх
Боксын спортын төрөл МЭӨ 688 онд эртний олимпын наадмын төрөлд багтаж байжээ. Харин 1904 онд АНУ-ын Сент-Луис хотноо болсон орчин үеийн олимпод албан ёсоор орж ирсэн түүхтэй.
"Парис-2024" зуны олимпын наадамд "боксчид"
2024 онд Францын нийслэл Парис хотод хөшгөө нээх зуны спортын XXXIII олимпын боксын төрөлд эрэгтэй, эмэгтэй тус бүр 124, нийт 284 боксчин өрсөлдөнө. Тэдний нэг болохын тулд таван тивийн мянга мянган боксчин бэлтгэл сургуулилалтаа базааж, олимпын эрхийн төлөөх дайралтаа эхлүүлэхэд дотооддоо "Шилдэг ширэн бээлийтэн" болох эсэхээ улсын аваргын рингэнд харуулах л үлдлээ.
2012 оны Лондон, 2024 оны Парисын олимпын хөтөлбөрт эмэгтэйчүүдийн боксыг нэмж оруулсан бөгөөд “Парис-24” олимпод алтан медалийн төлөө эрэгтэйчүүд долоо, эмэгтэйчүүд зургаа нийт 13 жинд өрсөлдөх юм. Парисын олимпын боксын тэмцээн 2024 оны долдугаар сарын 27-ноос наймдугаар сарын 10-ны хооронд “Парк дес Экспозиция Вильпинт”-д, дараа нь “Роланд-Гаррос” цэнгэлдэх хүрээлэнд болох хуваарьтай.
Франц улс уг наадмыг зохион байгуулагч орны хувьд эрэгтэй гурав, эмэгтэй гурав зургаан автомат эрхийг баталгаажуулжээ. Түүнчлэн өөр тусгай эрхээр (цагаан хуудас) эмэгтэйчүүдийн тав, эрэгтэйчүүдийн дөрвөн эрх шалгаруулж оролцуулах ажээ.
Олимпын наадмын жингийн мэдээлэл
Үндэсний олимпын хороо бүр “Парис-2024” тэмцээнд нэг жинд эрхээ авсан нэг л тамирчин оролцуулах эрхтэй.
Парисын олимпын боксын төрөлд эмэгтэйчүүд 50 кг (22 эрх), 54 кг (22 эрх), 57 кг (22 эрх), 60 кг (22 эрх), 66 кг (20 эрх), 75кг (16 эрх), эрэгтэйчүүд 51 кг (16 эрх), 57 кг (18 эрх), 63.5 кг (20 эрх), 71 кг (20 эрх), 80 кг (18 эрх), 92 кг (16 эрх), +92 кг (16 эрх) гэх жингийн ангиллаар өрсөлдөнө.