Өдгөө 27 настай Озэки Киришима Б.Лхагвасүрэн энэ жилийн эхний Хацү башёд үзүүрлэж, 11 даваа авсан билээ. Харин үүний дараагаар Харү башёд түрүүлснээр озэки цолонд ойртсон юм. Ингээд тавдугаар сарын Нацү башёд 11 даваа авснаар озэки цолны болзлоо хангаж, багшийнхаа амжилтыг давтаж том амжилтыг үзүүлээд байсан. Тэгвэл 2023 оны сүүлийн Кюүшү башёд түрүүлснээр замналынхаа хоёр дахь түрүүгээ хүртэж, дараагийн ёкозүна гэж яригдаж байна.
Тэрбээр дэвжээний багшийнхаа нэрийг өвлөн авч, озэки цолтой анхны түрүүгээ хүртсэн Киришима Б.Лхагвасүрэн багшийнхаа нэрээр түрүүлсэндээ туйлын баяртай буйгаа илэрхийлээд байгаа юм.
Озэки Киришима Б.Лхагвасүрэн энэ оны сүүлийн башёг 13-2 гэсэн харьцаатай өндөрлүүлсэн юм. Ингэснээр тэрбээр энэ жил нийт 62 даваа авч, дээд зиндааны бүх бөхчүүдийг даваагаараа тэргүүлж байна.
Японы сүмо бөхийн холбооноос өнгөрсөн Ням гаригт Киришимаг дараагийн ёкозүна болоход тун ойртсоныг мэдэгдээд байгаа. Ингэхдээ хамгийн гол нь ирэх нэгдүгээр сарын Хацү башёд түүний түрүүлэх эсвэл түрүүлэх хэмжээний амжилт үзүүлэх эсэхийг харгалзан үзэх ажээ.
Багшийнхаа Киришима нэрийг өвлөн авсан Б.Лхагвасүрэн гэж хэн бэ?
Озэки Киришима Бямбачулууны Лхагвасүрэн нь 1996 оны дөрөвдүгээр сарын 24-д Дорнод аймагт төржээ. 17 насандаа Улаанбаатарт ирсэн тэрээр анх үндэсний бөх болон жүдогоор хичээллэдэг байжээ. Улмаар 2015 онд урилгаар Мичинокү дэвжээнд сүмогоор хичээллэхээр арлын орныг зорьсон түүхтэй.
Б.Лхагвасүрэн тухайн үед 180 см өндөр, 70 кг жинтэй байсан ажээ. Ингээд урилгаар Японд очсон бусад хөвгүүдээсээ илт илүү байсан гэж дэвжээний мастер Киришима ярьсан байна. Тэрбээр 2015 оны тавдугаар сард анх удаа сүмогийн дэвжээнд барилдсан байна.
Тэрбээр мэргэжлийн тамирчин болохын тулд дөрвөн жилийг зарцуулсан бөгөөд 2019 оноос ёкозүна Какүрюү М.Анандын хамт Мичинокү дэвжээнд барилдаж эхэлсэн. М.Ананд аварга одоо тус дэвжээний дасгалжуулагчаар ажиллаж байна.
Дээд зиндаанд дэвшсэн эхний тэмцээндээ 11 даваа, 4 унаатай амжилтыг үзүүлж “Fighting Spirit” буюу тулаанч бөхийн шагналыг хүртсэн юм.
Б.Лхагвасүрэнг тавдугаар сарын 31-ний Сүмогийн холбооны хурлаар озэки цолд албан ёсоор батламжилсан бөгөөд Нагоя башёгоос эхлэн дэвжээний нэрээ Киришима хэмээн өөрчилсөн байна. Энэ нь дэвжээний мастер озэки Киришимагийн нэрийг өвлөн авч буй хэрэг юм.
Энэ талаар Б.Лхагвасүрэн “Би озэки цолоо хадгалахын тулд улам шаргуу хичээнэ. Сүмогоо орхиод Монгол руу буцах бодол цөөнгүй байсан. Одоо тэр хэцүү үеийг давсандаа баяртай байна” гэжээ.