Өнөөдрийн байдлаар автобусны гаралт 950-980 орчим байна. Тэгвэл энэхүү гаралтыг 1300-1400 болгож нэмэхээр нийтийн тээврийн парк шинэчлэлт хийх гэж байна. Энэ тухай Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар мэдээлсэн бөгөөд ажлыг ирэх оны нэгдүгээр сарын нэгнээс эхлэн хэрэгжүүлэх юм. Тэгвэл нийтийн тээврийн парк шинэчлэлийн талаар ярилцаж байгаа энэ үеэр автобусны жолооч нар шинээр орж ирэх 600 автобусыг барих жолооч байхгүй хэмээн цахим орчинд мэдээлээд байна.
Жолооч
- Эрхэм хотын дарга Х.Нямбаатар 1300 автобус оруулж ирнэ гэнэ. Тэр автобусыг барих жолооч нар байхгүй. Одоо байгаа 980 автобусыг жолооч нар хоёр ээлжээр бариад ч хүн хүч хүрэлцэхгүй байгааг мэдэх үү. Нийтийн тээврийн жолоочийн цалин хөлсийг нэмэхгүй бол энэ салбарын бүх жолооч уул уурхай руу салбар луу орж дууслаа. Энэ нийтийн тээвэрт явж буй автобусыг барих жолооч байхгүй болсон. Байгаа нь гэвэл тэтгэврийн хөгшид, гэрээсээ холдож болохгүй нялх хүүхэдтэй хэдэн залуучууд үлдсэн. Ажлын нөхцөл хүнд өглөөнөөс орой хүртэл явна. Дөрөвхөн цагийн нойртой энэ хэдэн жолооч нар хямраад дуусаж байгаа шүү
Нийслэлийн нийтийн тээврийн газрын хэвлэл олон нийтийн харилцах ажилтан Т.Үүрийнсолонго
- Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 940-1000 орчим тээврийн хэрэгсэл үйлчилгээнд явж байна. Тухайн автобуснуудыг хоёр болон нэг ээлжээр явуулж байна.
Манайд бүртгэлтэй 3000 жолооч байдаг. Хэдийгээр бүртгэлтэй хэр нь тухайн жолооч амралтаа авсан, өвчтэй, чөлөөтэй зэрэг шалтгаануудын улмаас яг идэвхтэй ажиллаж байгаа 1887 жолооч бий.
Нийтийн тээврийн парк шинэчлэлтээр орж ирэх 600 автобусыг барих яг 600 жолооч хэрэгтэй гэсэн үг биш. Парк шинэчлэлт хийнэ гэдэг нь одоогоор явж байгаа 1000 автобусны хэд нь бүрэн актлахаар байна. Хэдэн хувь нь дараагийн шатанд актлахаар байна гэдэг хуваарилалтууд гарсны дараа хэдэн жолооч хаашаа хуваарилах уу гэдгийг цаг үед нь шийдвэрлээд явах асуудал юм. Шууд 600 автобус орж ирлээ гээд 600 автобусны жолооч хэрэгтэй гэсэн үг биш.