Сагсан бөмбөгийн үндэсний дээд лигийн тоглолтууд UG аренад үргэлжилж байна. 11-р сарын 28-ны өдөр лигийн талбайд хоёр тоглолт явагдлаа. Хоёр дахь тоглолт "TLG Ондилт" "Налайх Бизон" багуудын хооронд өрнөлөө. Ингээд 90-78 онооны харьцаатайгаар "TLG Ондилт" баг өрсөлдөгчөө буулган авлаа. Ингэснээр тэд үндэсний дээд лигийн улирлын дөрөв дэх хожлоо авч байна.
Тоглолтын дараа багийн дасгалжуулагч, МУГД С.Тулга ярилцлага өглөө.
Тэрбээр,
"Юуны өмнө бидэнтэй цуг байгаад маш их баярлалаа. Анх Үндэсний дээд лигт найман баг орно гэж байсан. Найман багийг Завхан Бродерс, Налайх Бизон багийг хожоод манай баг орно гэж төлөвлөж байсан. Өнөөдөр хүүхдүүд маань хожоод сайхан байлаа. Хөгжлийн лигт тоглож байсан баг. Хүүхдүүдээ энд тэндээс цуглуулж багаа бүрдүүлсэн. Долоон өдрийн турш бэлтгэл хийсэн. Манайхаас өнөөдөр талбайд 13 тоглогч ороод 10 нь дандаа оноо авлаа. Зүгээр нэг, хоёр биш дандаа тав, зургаа гэсэн оноонууд гээд бүгдээрээ л 90 оноог хувааж авлаа. Үндэсний дээд лигт өрсөлдөж байгаа монгол багуудаас хамгийн залуу тоглогч нартай нь манай баг болсон. Манай багийн тоглогчид голдуу 17, 18, 19, 20 залуучууд байна. 21 настай 3х3 төрлийн үндсэн багийн 3-4 тоглогч бий. Маш гоё ирээдүйтэй хүүхдүүдээр залуучуудаар багаа бүрдүүлсэн. Ийм сайхан багтайгаа Плей-Оффын төлөө өөдөө өгсөж яваадаа сэтгэл өндөр байна" гэв.
Мягмар гарагийн эхний тоглолт "Эрдэнэ Майнерс" "Завхан Бродерс" багуудын хооронд явагдсан. "Эрдэнэт Майнерс" баг 84-68-аар "Бродерс" багийг хожиж, улирлын ес дэх хожлоо байгууллаа. "Эрдэнэт Майнерс" баг улирлыг 9-0 гэсэн үзүүлэлтээр тэргүүлж явна.
Сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн Үндэсний дээд лигийн тэмцээн энэ удаад хоёр дахь жилдээ аваргуудаа тодруулна. Эмэгтэй лигийн өрсөлдөөнд нийт найман баг оролцож байгаа.
11-р сарын 28-ны өдөр "Ulaanbaatar Amazons" "Ховд Чандмань" багуудын хооронд ээлжит өрсөлдөөн явагдаж, "Ulaanbaatar Amazons" өрсөлдөгчөө 73-59-өөр хожлоо.
Ulaanbaatar Amazons баг улирлын 5 дахь хожлоо авч байгаа нь энэ юм.